АН-ын нэр бүхий гишүүд “АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороо” байгуулан намынхаа дарга, дэд дарга нарыг үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээхийг шаардаж буйгаа мэдэгдлээ.
Тус намын үндсэн дүрэмд УИХ-ын сонгуулийн дүнгээр олонх болж чадаагүй бол намын дарга, дэд дарга нар хариуцлага хүлээн таван хоногийн дотор огцорно гэж заасан байдаг аж.
АН-ын гишүүн Б.Ган-Эрдэнэ: УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр АН 11 суудал авч, хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ нь АН-ыг дэмжиж ирсэн олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй явдал боллоо. Ардчилсан намын гишүүд энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ.
Намыг ялагдалд хүргэсэн одоогийн удирдлага дүрмийн дагуу хариуцлага хүлээж, шинэчилсэн зохион байгуулалтыг шуурхай хийж чадах эсэх, дотоод ардчиллыг гишүүдийн оролцоотой хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Иймд Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулсан.
АН-ын ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: УИХ-ын сонгуулийн дүнгээр АН шинэчлэгдэж чадаагүй байна гэдэг дүн авлаа. Ард түмэн МАН-д сэтгэл хангалуун байгаа учраас сонгосон юм биш. АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа учраас сонгуулийн дүн ийм гарсан.
Тиймээс АН-ыг эрс шинэчлэх шаардлагатай байна.