Мугабегийн гэр бүлийг Зимбабвегийн хамгийн үрэлгэн өрх гэж нэрлэж болно. Ард иргэд нь их зовж зүдэрч байхад ерөнхийлөгчийн хамаатан саднууд тансаглал дунд умбаж байлаа.
Ерөнхийлөгчийн гэргий грейс хэмээх дуулиан шуугианд хутгалдсан хатагтай хувцас, машин, тансаг шилтгээн мөнгийг баруун солгойгүй цацаж байхад дарангуйлагчийн хөвгүүд оргилуун дарсанд үнэт цагаа үрж, үдэшлэг, хар тамхинд толгойгоо мэдүүлж байлаа. Энэ гэр бүлийг бүх улс орон даяар яагаад үзэн яддаг байсныг Лента.ру-гийн материалаас мэдээрэй.
“Дэлгүүр хэснэ гэдэг гэмт хэрэг юм уу?”
“Миний хөлийн тавхай хэтэрхий нарийхан. Тийм болохоор Ferragamo-гийн туфль л таардаг” хэмээн Зимбабве улсын тэргүүн хатагтай ичих ч үгүй ярьж суух.
Британийн Daily Mail хэвлэл нэг удаа Грейси хатагтай худалдан авалтад жилд хэдийг зарцуулдаг болохыг тооцож үзжээ. Гэтэл нийт 3 сая ам.доллар болсон аж. Энэ хугацаанд түүний хувцасны шүүгээ Salvatore Ferragamo-гийн 62 хос туфль, Gucci-гийн хэд хэдэн шинэ хувцсаар баяжжээ. Үүнээс гадна тэрбээр бриллиант 12 шинэ бөгж, 112 мянган ам.долларын Rolex цаг худалдан авсан байна. Тэргүүн хатагтай Лондон хотод очиж худалдаа хийх дуртай бөгөөд Британийн нийслэлд ирээд Claridge’s хэмээх таван одтой зочид буудлын люкс зэрэглэлийн өрөөнд тухалдаг байв.
2003 онд Зимбабве улсын эдийн засаг тун хүнд, иргэдийн олонх нь ажил төрөлгүй байхад л Грейс Мугабе Парис руу явж байлаа. Гэхдээ зүгээр ч нэг ажил хэргийн аялал биш, шоппинг хийхээр шүү. Тэнд тэрбээр 120 мянган ам.долларын алдартай брэндийн гутал, хувцсанд зарцуулж байв. Зарим хэвлэлээр Ерөнхийлөгчийн гэргийг татварын төлөгчдийн мөнгийг өөрийнхөө таашаалд зарцуулдаг гэж буруутгахад “Дэлгүүр хэснэ гэдэг гэмт хэрэг юм уу” гэж тоох ч үгүй хариулсан гэдэг.
Харгис тэргүүн хатагтай
1987 онд Ерөнхийлөгч Роберт Мугабе нэгэн нарийн бичгийн дарга бүсгүйтэйгээ дотно харилцаатай болжээ. 22 настай Грейс хэмээх энэхүү нарийн бичиг бүсгүй нөхөр, нэг хүүтэй, мөн өөрөөс нь 44 насаар залуу байсан нь ч саад болсонгүй. Ингээд бүсгүй удалгүй Ерөнхийлөгчид хүү, охин хоёр төрүүлж өгсөн юм. Охиныг Мугабегийн эхийн дурсгалыг хүндэтгэн Бона гэж нэрлэсэн бол удалгүй хүү нь төржээ.
Энэ үед төрийн тэргүүн Салли Хайфрон хэмээх эмэгтэйн албан ёсны нөхөр байсан юм. Мугабегийн хэлснээр эхнэр нь түүнийг нарийн бичиг бүсгүйтэйгээ уулзаж байгааг мэддэг байсан ч эсэргүүцэж байгаагүй гэнэ. Салли энэ үед маш хүндээр өвчилж, хүүхэд ч төрүүлэх боломжгүй болчихсон, цорын ганц хүү нь 1966 онд хумхаа өвчнөөр өөд болчихсон байсан юм. Ерөнхийлөгчийн хэлснээр бол өөр бүсгүйтэй уулзах нь өв залгамжлагчтай болох цорын ганц боломж нь байсан гэнэ.
Роберт Мугабе 1992 онд эхнэрээ бөөрний дутагдлаар өөд болсноос хойш хэдэн жилийн дараа хоёр дахиа гэрлэсэн юм. Ард түмэн нь түүний анхны эхнэрт хайртай байсан бол Грейсийг жинхэнээсээ үзэн яддаг байлаа. Яагаад гэвэл тэр тэргүүн хатагтай болмогцоо тансаглалд умбаж, олон тооны дуулианы эзэн болж эхэлжээ.
Хамгийн эхний дуулиан нь тэрбээр Зимбабвегийн их сургуулийн докторын зэрэг авсан явдал байв. Түүний диссертацийг нэг ч хүн харж байгаагүйгээс гадна элссэнээсээ хойш гуравхан сарын дараа шинжлэх ухааны доктор болсон нь гайхшируулж байв.
Мугабегийн гэргий хуримынхаа 20 жилийн ойгоор 100 каратын бриллианттай бөгж захиалжээ. Энэ тансаг гоёл чимэглэлд нийт 1,35 сая ам.доллар зарцуулсан байна. Хэсэг хугацааны дараа Грейс Ливаны гоёл чимэглэл урлаач Жамаль Ахмедыг бөгжнийх нь чулуу хэлсэн үнээс арай бага байна гээд шүүхэд өгсөн гэдэг. Харин Ахмед өөрөө үүнээс ч өмнө Харар дахь үл хөдлөх хөрөнгийг нь Грейсийн хүү булаан авсан, салбарынх нь ажилтнуудыг гудамжинд гаргасан гэж шүүхэд өгсөн байна.
Тэргүүн хатагтай аажмаар хүчирхийлэх хандлагатай болон хувирчээ. Нэг удаа Йоханнесбургийн нэгэн таван одтой зочид буудалд тэрбээр хөвгүүдээ 20 настай загвар өмсөгч Габриэла Энжелс хэмээх бүсгүйтэй байхыг нь барьж авчээ. Грейс бүсгүй рүү дайрч, цахилгаан уртасгагчаар зодсоноос болоод Энжелс толгойгоо хоёр шарх авч, 14 газраа оёдол тавиулсан байна. Гэвч модель шүүхэд гомдол гаргахаас татгалзсанаар энэ хэргийг даржээ.
Ерөнхийлөгчийн гэргий Хонгконгоор аялж явахдаа шоппинг хийж байгаа үеийнх нь зургийг дарах гэсэн гэрэл зурагчин руу дайрчээ. Сэтгүүлчийг анзаарсан Грейс нүүр лүү нь хэд хэдэн удаа дэлсэж, бие хамгаалагчид нь түүний камерыг булаан авах гэж оролдсон байна. Ингээд сэтгүүлч энд тэндээ хөхөрч, шархадсан боловч тэргүүн хатагтай мөн л ял зэмгүй үлджээ.
Бэлэн мөнгөөр Rolls-Royce авсан нь
Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн гэргийн шунал улам хязгааргүй болж эхлэв. Тансаг бүхэнд дурладаг энэ эмэгтэйг улс дотор нь Грейс Гуччи, эсвэл Дисгрейс (англи хэлний disgrace буюу гутамшиг) гэж хочилж байлаа. Тэрбээр улсын төсвийг хүссэн бүхэндэ зарцуулж, 365 мянган ам.доллар бэлнээр тоолоод л Rolls-Royce машин хүртэл худалдан авч байлаа. Яг үүнээс долоо хоногийн дараа түүний анхны нөхрийн ууган хүү нь яг энэ маркийн хоёр машин худалдан авч байв. Ингээд тэргүүн хатагтай зимбабвечуудын дургүйг хүрэхгүйн тулд машинаа төрөлх ӨАБНУ-даа үлдээхээс өөр аргагүй болжээ. Мугабегийн нас 90 дөхөх үед Грейс ӨАБНУ-даа төвхнөхөөр зэхэж эхэлжээ. Британийн хэвлэлүүдээр түүнийг үл хөдлөх хөрөнгө худалдан авсан тухай мэдээлж байв. 4,9 сая ам.доллараар Йоханнесбургийн дагуул хотод байдаг 860 м.кв талбайтай байшин худалдан авчээ. Энд голдуу баян африкчууд төвлөрдөг газар юм.
2016 оны 11 сард тэрбээр Борроудейл хэмээх тансаг дүүрэгт 55 га талбайтай газрыг 4 сая гаруй ам.доллараар худалдан авчээ. Түүнчлэн Мугабегийн эхнэр Сандхерст дүүрэгт 3,5 сая ам.доллараар үл хөдлөх хөрөнгө авсан байна. Тэр ч бүү хэл Дубай ч байр аваад амжжээ.
2014 онд Мугабегийн том охин Бона нисгэгч Симба Чикоретой гэрлэхэд хуримын ёслол нь Африкийн зарим улсын Ерөнхийлөгчид гээд 4000 зочин оролцсон байна. Хуримын ёслолд Зимбабве улсын төсвөөс 4 сая ам.доллар гаргасны 700 мянгыг нь зөвхөн нийслэл Харарегээс Ерөнхийлөгчийн шилтгээн хүрэх замыг засахад зориулжээ. Сүйт бүсгүй эцэг эхээсээ 100 мянган ам.доллар, 55 толгой мал бэлгэнд авсан байна.
Зимбабвегийн алтан залуус
Роберт Мугабе 37 жил засгийн эрхэнд байхдаа мөн л тансаглалд дуртай байлаа. Тухайлбал, түүний 90 насны ойн бэлгэнд алмаазаар чимэглэж, алт, ирвэсний арьсаар бүрсэн гантиг сэнтий ирж байв. Ерөнхийлөө гэр бүлийн бусад гишүүдтэй нь харьцуулахад Ерөнхийлөгчийн сонирхол арай даруухан.
Зимбабве улсын иргэдийн олонх нь нэн ядуу нөхцөлд аж төрж байхад Мугабегийн хүүхдүүд алтан залуусын төлөөлөгчид шиг биеэ авч явж, түүнийгээ ч нууж хаадаггүй байв. Тэдний Instagram-аккаунтуудад тансаг шөнийн клубуудээр хэссэн бичлэгүүд олон. Роберт Мугабе, Грейс нарын хүү Чатунга этгээд үйлдлээрээ олон нийтийг нэг бус удаа дургүйцүүлж байсан. Нэгэн удаа Чатунга үдэшлэгийн үеэр бриллиантан бугуйн цаган дээрээ нэг бүр нь 350 ам.долларын үнэтэй хоёр оргилуун дарс асгаж байгаа бичлэг цацжээ. Тэр ч бүү хэл “Эцэг чинь улс орон удирдаж байхад 60 мянган бакс бугуйнд чинь л байна гэсэн үг” хэмээн гартаа зүүсэн цаг, бугуйвч, алтан бөгжөө харуулсан зураг хүртэл тавьж байв.
Мугабегийн хүүхдүүд үдэшлэг, үнэт чимэглэлээс гадна тансаг хувцсанд дуртай. Тэд өөрсдийнхөө сүлжээнд байнга л Gucci эсвэл Louis Vuitton-ы зураг тавина. Нэг удаа Роберт Мугабе хөвгүүдээ АНЭУ-аас аюулгүйгээр авч гарахын тулд өөрийн биеэр нисч очихоос өөр аргагүй болсон юм. Тухайн үед Зимбабвегийн удирдагчийн хөвгүүд Дубайн тансаг шилтгээнд амарч байсан гэдэг. Энэ түүхийг хэдийгээр нуусан боловч тухайн өдөр хөвгүүд нь архи, хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байсан гэж ярьцгаадаг.
Грейс Зимбабве улсын Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэдэг нь тодорхой болсноор Мугабегийн гэр бүлд асуудал үүсч эхэлсэн юм. Нөхөр нь түүний энэ шийдвэрийг маш ихээр дэмжсэн байна. Харин улс оронд нь цэргийн эргэлт гарснаар Грейс улс төрийн олимпод байр суурь эзэлж чадаагүй юм.
Улс орондоо нэр нүүргүй болсон тэргүүн хатагтай засгийн эрхийг булаан авсанд дургүйцсэн зэвсэгт хүчнийхэн Мугабегийн хосыг гэрийн хорионд оруулж, Ерөнхийлөгч огцрох хүсэлтээ өгсөн байна.
Грейс Мугабе хилийн чанад руу зугтаж, түүний нөхөр анхандаа эх орондоо үлдсэн бол удалгүй Сингапур луу эмчилгээ хийлгэхээр нисч, өнгөрсөн жилийн намар тэндээ таалал төгссөн юм.
Мугабег нутаглуулах ажиллагаа төр засаг болон удирдагчийн гэр бүлийг хагаралдуулахад хүргэсэн. Төрийн тэргүүний төрөл төрөгсөд түүний эцсийн хүсэлтийг биелүүлж, төрөлх Кутама тосгонд нь даруухнаар оршуулъя гэхэд төр засаг нь нүсэр оршуулгын ёслол үйлдэж, Үндэсний баатруудын хүрээлэнд оршуулна гэжээ.
Эцсийн эцэст Ерөнхийлөгч агсны гэр бүлийнхэн санасандаа хүрч, Мугабег нутаглуулахад зөвхөн төрөл саднууд нь л оролцжээ.
Эх сурвалж: enta.ru