Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын 2020 оны сонгуулийн 23-р тойргийн 8-р хэсэг буюу Баянзүрх дүүргийн 48-р сургуульд саналаа өгөв.
Тэрбээр иргэддээ хандаж, “Өнөөдөр ард түмний маань баярын өдөр. Төрийн эрхийн дээд байгууллага УИХ-аа сонгох, Үндсэн хуулийн хүрээнд олгогдсон сонгох сонгогдох эрхээ ард иргэд маань эдэлж хэрэгжүүлж байна. Хэдийгээр дэлхий ертөнц цар тахалтай, хүмүүсийн амьдрал хүндхэн байгаа ч төрийн эрх барих дээд байгууллага парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулж байгааг манай ард түмэн бүгд мэдэж байгаа.
УИХ ч хуулийн хүрээнд сонгуулийг цаг хугацаанд нь зохион байгуулж ард иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ард иргэд маань маш сайхан идэвхтэй оролцож байна. Залуучууд идэвхтэй байна. Энэ удаагийн сонгуульд шинэ мянганы хүүхдүүд анх удаа саналаа өгч байна. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгоно гэдэг төр улсаа байгуулж байна гэсэн үг.
УИХ-д нэр дэвшсэн бүх нам эвсэл, бие даагч нартаа амжилт хүсье.
Монголын ард түмэн бол шударга сайхан нийгэмд амьдаръя гэж хүсэж байгаа. Шударга нийгмээ байгуулах үргэлжлэл явагдаж байна гэж бодож байна. Монголын нийт ард түмэнд сонгуульд идэвхтэй оролцоорой, ялангуяа залуучуудаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. УИХ-д нэр дэвшсэн бүх нам эвсэл, бие даагч нартаа амжилт хүсье. Шударга сайхан, ард түмнийхээ эрхийг зөрчихгүйгээр, хүн болгон идэвхтэй оролцсон, төр улсаа эмхлэн байгуулсан сайхан сонгууль болно гэдэгт итгэж байна. Нийт ард түмэндээ сонгуулийн баярын мэнд хүргэе.
Би янз бүрийн үймээн самуун гарахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй төгс байна. Яагаад гэвэл иргэд сонголтоо хийчихсэн байгаа.
Сая саналаа өгөх гээд ороход өнгө төрх нь мэдрэгдэж байна. Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, УОК-оос хэрэгжүүлж байгаа арга хэмжээг биелүүлж, гараа ариутгасан, маскаа зүүүсэн, хоорондын зайгаа барьсан, эмх цэгцтэй дэг журамтай болж байна.
Сонгууль шударга явагдах ёстой. Хоорондоо муудалцъя, жагсъя, тэмцье гэсэн бодол ард түмний зүрх сэтгэлд байхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Гашуун зовлон амсаж байсныг бид бүгд мэднэ. 7 сарын 1 гэж үйл явдал болсон. Таван сайхан залуу амь эрсэдсэн. Ийм зүйл хэзээ ч дахиж давтагдахгүй. Хүн болгон сайтар ухамсарлаж ойлгож байгаа. Сонгуулийн хорооны дэг журам, тавьж байгаа шаардлагыг сайхан биелүүлээд явах хэрэгтэй. Би янз бүрийн үймээн самуун гарахгүй гэдэгт 100 хувь итгэлтэй төгс байна. Яагаад гэвэл иргэд сонголтоо хийчихсэн байгаа.” гэлээ.