Зургийн эх сурвалж: Gogo.mn
Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа
7.1. Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, үйлчлэгч, ажиглагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, нутгийн захиргааны байгууллагын алба хаагч нар хамтран зохион байгуулж, хяналт тавина.
7.2. Санал авах байрыг урьдчилан цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
7.3. Санал авах байранд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.
7.4. Сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно.
7.5. Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна. Оролцогчид биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцана.
7.6. Сонгогч гарын хурууны хээг уншуулж, гарыг дахин халдваргүйжүүлсний дараа олгосон бээлийг өмсөж саналаа өгнө.
7.7. Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авна.
7.8. Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн саванд хаяж, гарыг халдваргүйжүүлнэ.
7.9. Санал авах байрны агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэнэ.
7.10. Санал авах байранд хатуу гадаргууг 2 цаг тутам ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ.
7.11. Санал авах байрны хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, компьютер, утас зэргийг 2 цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ.
7.12. Санал авах байранд 18 насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно.
7.13. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн авч явж, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.
Санал авах ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ
8.1. Санал авах үеэр халуурах, ханиалгах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзнэ.
8.2. Сэжигтэй тохиолдлыг мэдээлэх, тусгаарлах арга хэмжээ авах үүрэг бүхий ажилтанг санал авах байранд сонгуулийн хэсгийн хорооны дарга урьдчилан томилно.
8.3. Танхимд болон нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт сэжигтэй тохиолдлыг бусдаас 8-10 метрийн зайд тусгаарлана.
8.4. Сэжигтэй тохиолдлын талаар нийслэлд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100, 80086829, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 дугаарт, орон нутагт хамгийн ойр байгаа эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагад мэдээлнэ.
Эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа
9.1. Хууль тогтоомж болон энэ журмыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагууд хамтран ажиллана.
9.2. Энэ журмын 9.1-д заасан эрх бүхий байгууллага гэдэгт Сонгуулийн ерөнхий хороо, улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллага хамаарна.
9.3. Эрх бүхий байгууллагууд хууль тогтоомж, энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй.
Хариуцлага
10.1. Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит
сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад
коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас
урьдчилан сэргийлэх журмаас