Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар “Монгол Улсын эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” чиглэлээр 2021 оноос 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэх 2 дахь шатны төслийн санамж бичигт 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Энэ арга хэмжээнд тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, мэргэжилтэн Д.Баярмаа, Б.Туяа, “ЖАЙКА”-гийн эрүүл мэндийн салбарын төсөл хариуцсан суурин төлөөлөгч Сакамото Ёшимаса, төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобүаки, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нарантуяа, мэргэжилтэн П.Эрхэмбаяр, Д.Баярхүү болон холбогдох албан тушаалтнууд байлцлаа.
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн төгсөлтийн дараах сургалт, орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор анх 2012 онд Эрүүл мэндийн яамнаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагад бүс нутгийн эрүүл мэндийг сайжруулах, чадавхийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх хүсэлт тавьснаар “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чадавхийг сайжруулах төсөл”-ийг 2015 оны тавдугаар сараас эхлэн 5 жилийн хугацаанд хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Эхний шатны төслийн хүрээнд хэрэгжсэн үйл ажиллагаануудаас дурдвал:
- Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг дэлхийн стандартад нийцсэн чадамжид суурилсан хөтөлбөр болгох эхлэлийг тавьж, “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн хөтөлбөрөөр улсын хэмжээнд анх удаа орон нутагт Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд төгсөлтийн дараах сургалтыг явуулж байна.
- Япон Улсын төгсөлтийн дараах сургалтад хэрэгжүүлдэг стандарт сургалтын хөтөлбөрийг судалж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт амжилттай нутагшуулан, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг улсын хэмжээнд албан ёсны удирдах эрх олгох “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт”, “Эмнэл зүйн чиглүүлэгч үндэсний сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2015 оноос, “Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2019 оноос үе шаттай зохион байгуулж, 2020 оны 6 дугаар сарын байдлаар 747 эмнэл зүйн сургагч багш, үүнээс 91 чиглүүлэгч багш, 41 сувилахуйн сургагч багштай боллоо.
- Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагуудад олон улсын жишгийн дагуу явцын үнэлгээ тогтмол хийж, зөвлөмж өгч, үйл ажиллагааг нь тасралтгүй сайжруулах механизмыг бүрдүүллээ.
- Яаралтай тусламжийн сургалтуудыг олон улсын жишгийн дагуу монгол эмч нар бие даан удирдан явуулах чадавхи бүрдсэний зэрэгцээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ёс зүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал, халдвараас сэргийлэх сургалт явуулж байна. Тухайлбал амилуулах суурь тусламжийн сургалтад 545 эмч хамрагдаж, тэдний 33 нь үндэсний чиглүүлэгч багшаар үргэлжлүүлэн ажиллаж байна.
- 2015 оноос хойших 5 жилийн хугацаанд Япон талаас 55 эмч, мэргэжилтэн (давхардсан тоогоор) Монгол Улсад богино хугацаагаар ирж ажиллан, монгол эмч, сувилагч нарт сургалт явуулж, мэргэжил арга зүйгээр хангасан бол нийт 56 монгол эмч, мэргэжилтэн Япон улсад богино хугацаагаар очиж суралцжээ. Япон Улсад суралцсан 56 монгол эмч, мэргэжилтний 36-ын сургалтыг зардлыг ЖАЙКА бүрэн хариуцаж, бусад 20-ын зардлыг Монгол, Япон 2 талаас хамтран хувааж гаргаж амжилттай зохион байгуулсан бөгөөд 2020 онд дахин 20 эмч, мэргэжилтнийг Япон Улсад суралцуулахаар төлөвлөөд байгаа билээ.
“Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” 2020 оны 12 дугаар сард дуусгавар болох тул төслийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, цар хүрээг өргөжүүлэх үүднээс дараагийн шатны шинэ төслийг “Монгол Улсын эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” чиглэлээр хэрэгжүүлэх хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас гаргасныг Япон Улсын Засгийн газраас дэмжиж, одоогийн төслийн 2 дугаар үе шат болгон хэрэгжүүлэхээр боллоо.
2021-2025 онд 4 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэх шинэ төсөл нь Монгол Улсын эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулах арга барилыг орон даяар өргөжиж нэвтрүүлэхэд чиглэх бөгөөд эмчийн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулж, “Ерөнхий мэргэшил судлал” сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох тогтолцоог бүрдүүлэн улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулж, “Шинэ сувилагч” жишиг сургалтын хөтөлбөрийг шинээр нэвтрүүлэх, эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын хяналтыг сайжруулж, 3-5 жил тутамд үнэлэх, боловсронгуй болгох, бэхжүүлэх тогтолцоо бүрдүүлэх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ.