Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.06.19/ боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ ОХУ-аас БНХАУ-руу өөрийн орны нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой байгуулах төсөл хэрэгжүүлэхээр харилцан ойлголцолд хүрсэн.
Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Газпром” НХН-ийн хооронд тусгай зориулалтын компани байгуулахаар талууд “Эрмэлзлийн санамж бичиг”, “Нууцлалын тухай хэлэлцээр”-ийг тус тус байгуулахаар ажиллаж байна. Эдгээр баримт бичгийн төсөлд холбогдох яамдын саналыг тусган Оросын талтай тохиролцохоор ажиллаж, дүнг Засгийн газарт танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас даалгав.
Санамж бичигт Тусгай зориулалтын компани байгуулж, хийн хоолой барих ТЭЗҮ-ийг боловсруулах, тусгай зориулалтын компанийн санхүүжилт, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэр, санамж бичгийг зохицуулах хийгээд маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бусад зүйлийн талаар тусгасан байна.