УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр гарч байгаа сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хэрэг зөрчлийн талаар өнөөдөр (2020.06.15) ЦЕГ, ТЕГ хамтран мэдэгдэл хийлээ.
Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн “УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа болон санал авах үед гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах” чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Манай улсад хүний улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5-аас 14.9, Зөрчлийн тухай хуулийн 17.1 зүйлд тусган хуульчилсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 заасны дагуу Эрүүгийн хуулийн 14.5-аас 14.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг харьяаллын дагуу Тагнуулын байгууллага мөрдөн шалгадаг байна. Харин Цагдаагийн байгууллага Зөрчлийн тухай хуулийн 22 төрлийн 38 зөрчлийг шалгах ба үүнээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх 6 төрлийн 13 зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг.
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлснээс 6 сарын 2-ноос 6 сарын 15-ны хооронд Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 676 дуудлага мэдээлэл иржээ. Нийт дуудлагын 308 нь нийслэлээс, 368 нь орон нутгаас ирсэн байна.
Дуудлага мэдээллийн дийлэнх хувийг сонгуулийн сурталчилгааны самбар, зурагт хуудас болон сурталчилгааны материал устгасан, бохирдуулсан, сурталчилгааны явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ мессеж ашиглан бусдыг гүтгэн доромжилсон, худал мэдээлэл тараасан, хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сурталчилгаа явуулсан гэдэг мэдээлэл эзэлж байгаа аж.
Үүнээс гадна 2020 оны 4 дүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийн байдлаар хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой байж болзошгүй 390 гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирж, хэргийг шалгаж эхэлсэн байна.
Шалгагдаж байгаа 390 гомдлыг ангилахад:
– 108 буюу 27.6 хувь нь нэр дэвшигчийн нэр хүнд, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан,
– 228 буюу 58.4 хувь нь хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан,
– 20 буюу 5.1 хувь нь харилцаа холбоо буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт санал асуулга зохион байгуулсан,
– 7 буюу 1.7 хувь нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан,
– 4 буюу 1 хувь нь сонгуулийн сурталчилгааг хуульд заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудас ашигласан болон бусдын нэр хүнд болон хуурамч цахим хаяг ашигласан,
– 23 буюу 5.8 хувь нь бусад зөрчилтэй холбоотой байна
Гэмт хэрэг шийдвэрлэлтийн байдал:
Цагдаагийн байгууллага өнгөрсөн хугацаанд 19 гомдол мэдээллийг ТЕГ, МХЕГ, УБЕГ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэх мэт байгууллагуудад шилжүүлээ. Мөн 17 гомдол мэдээлэлд Зөрчлийн хэрэг нээж, үүнээс 3 хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлж, 4 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдэж, 4 хүнийг 4.3 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
204 гомдол мэдээллийг зөрчлийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэжээ. Одоо Цагдаагийн байгууллага 146 гомдол мэдээллийг шалгаж байгаа.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа 14 хоног байдаг. Зөрчилд нэмэлт ажиллагаа явуулах, нотлох баримт цуглуулах шаардлага байвал хэрэг бүртгэлтийн хугацаанд хэрэг бүртгэлтийг удирдах байгууллага, албан тушаалтан 14 хүртэлх хоногийн хугацаагаар, прокурор 30 хүртэлх хоногоор сунгадаг.
Мөн Цагдаагийн байгууллага Мэдээлэл харилцаа холбооны газартай хамтран Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн 71 цахим хуудсыг сонгуулийн хугацаа дуустал түр хугацаагаар хаах шийдвэр гаргаж, өнөөдрийн байдлаар 50 цахим хуудсын хандалтыг хязгаарлаад байна.