Үндэсний их баяр наадмыг энэ жил тэмдэглэх болсонг УОК-ын хурлаар өнөөдөр эцэслэн шийдвэрлэлээ. Наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг “Херо Энтертайнмент”-ийн захирал Б.Баатар найруулахаар болжээ.
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам энэ жил болно.
Ковид-19 халдварт өвчний өндөр эрсдэлтэй үед болж байгаа тул наадмын нээлтийн ёслолыг өмнөх шиг өргөн дэлгэр биш цахимаар нийтэд хүргэх байдлаар хийнэ гэдгийг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат хэллээ.
Мөн нээлтийн ёслолыг төв цэнгэлдэх хүрээлэнд биш хотоос зайдуу хийх шийдвэрийг Наадмыг зохион байгуулах комисс гаргажээ.
Монгол Улсын мэргэжлийн урлагийн бүх байгууллагууд оролцох бөгөөд уран бүтээлчид, ажилчдад ариутгал халдваргүйжүүлэлт хийн, хамгаалалтын нарийн дэг журмыг мөрдүүлэх учир зохион байгуулалтын хувьд өмнөхөөсөө багагүй бэрхшээлтэй байна байх гэсэн юм. Уран бүтээлчдийг нэг дор бөөгнөрүүлэхгүй, өдөр өдөрт нь ээлж дараатай бэлтгэлийг базаах юм байна.