Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоохоос гадна авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, эрсдэлээс сэргийлэх, авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ойлгуулах, таниулах, соён гэгээрүүлэх ажил чухал байр суурийг эзэлдэг.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар 2007 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар 10 төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байв. Харин 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар авлигын 11 төрлийн гэмт хэргийг харьяалан шалгаж байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт авлига, албан тушаалын гэмт хэрэг болон түүний шийдвэрлэлтийн талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олон нийтэд тогтмол мэдээлэх, шийдвэрлэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх тогтолцоо бүрдүүлэх зорилтыг тусгасан. Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийг ил тод болгосноор олон нийтийн хяналтыг тогтоох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд мөн ач холбогдолтой юм.
Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн гэмт хэргийн шийдвэрийг 2008 оноос хойш цувралаар олон нийтэд хүргэж буй ажлын хүрээнд 2014 онд шийдвэрлэгдсэн албан тушаалын гэмт хэргийн шүүхийн шийдвэрүүдийг эмхтгэн толилуулж байна.
Энэхүү эмхтгэлд Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгасан авлигын гэмт хэргийн 80 шийдвэр багтсан бөгөөд хууль хэрэглээний болон практик ач холбогдлыг харгалзан анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг багтааснаараа онцлог юм.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн шүүхийн шийдвэрийг ийнхүү эмхтгэн гаргаснаар Эрүүгийн хуулийг нэг мөр хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхэд хууль хэрэглээний практикийг жигдрүүлэх, шүүгч, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч нарт практик ач холбогдолтой бөгөөд багш, судлаач, сонсогч, оюутнуудын эрдэм шинжилгээ, сургалт судалгааны эргэлтэд оруулж, улмаар авлигын эсрэг эрх зүйн орчин, ялын бодлогыг сайжруулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Эмхтгэлтэй холбоотой санал хүсэлтээ Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст (hutulbur@iaac.mn цахим шуудан, утас 70112467) хандаж ирүүлэх боломжтой бөгөөд бид Таны саналыг таатай хүлээн авч хамтран ажиллах болно.
Эмхтгэлийн I ботийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Эмхтгэлийн II ботийг ЭНД ДАРЖ үзнэ үү.