Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.11/
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Зургаадугаар сарын 10-нд нийт 315 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд байгаа 8 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Дорноговь аймгийн “Ханги” боомтоор орж ирсэн 23 ачаа тээврийн жолооч, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн найман жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Зэвсэгт хүчний 77 хүнд хийсэн тандалтын шинжилгээ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээс 9 хүнд тандалт хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр хүн эдгэрч гаран сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүн бол цэргийн сургуулийн оюутнууд байгаа.
Ингээд Монгол улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдлын тоо 194 эдгэсэн 89, эмчлэгдэж буй 105 хүн байна. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл 89 хүн нь хөнгөн, 16 нь хүндэвтэр байна. Эдгэрсэн 89 хүнээс сувилалд 58 нь гэртээ 16, ажиглалтад тандалтын хугацаа дууссан 15 хүн байна.
ХӨСҮТ-д одоогоор 149 хүн эмчилгээ, хяналтад байна. Өчигдөр Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор 175 хүн ирсэн. Үүнээс гурван хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан шинжилгээ нь хийхэд коронавирус илрээгүй. Бусад ажиглах байранд байгаа иргэдэд шинжилгээ хийж байна, хариу нь маргааш гарна” гэв.