ОУВС-аас Монгол Улсад гурван жилийн хугацаанд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг өнөөдөр Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил олон нийтэд танилцуулав.
Мэдэгдэлд, ““Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний ээлжийн 38.6 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд орж ирээд байна. Монгол Улсад эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт 5.5 тэрбум ам.долларын хэмжээтэй санхүүжилтэд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг олон улсын байгууллагуудаас гадна Япон, БНХАУ, БНСУ зэрэг 2 талт хамтын ажиллагааны орнууд оролцох болно.
Хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсад үнийн тогтвортой байдал хангагдах, валютын нөөц нэмэгдэж 4 тэрбум ам.доллар орчимд хүрэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих, гадаад өрийн зохистой бүтэц, өрийн тогтвортой байдал хангагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болохоор хүлээгдэж байна.
Түүнчлэн, Монголбанкны засаглалыг сайжруулах, бие даасан байдлыг бэхжүүлэх, Монгол Улсад санхүүгийн тогтвортой байдлыг хангахaд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх болно. Тухайлбал, Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төв банкны бие даасан, хараат бус байдлыг хуулиар баталгаажуулсан орчныг бүрдүүлэх, Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд банкинд хүндрэл үүссэн үед асуудлыг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх боломжийг дээшлүүлэх юм.
Банкны секторын тогтвортой байдлыг хангах үүднээс арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийх бөгөөд ингэснээр банк, санхүүгийн системийн нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх, улмаар санхүүгийн зуучлалыг өргөжүүлэхэд шаардлагатай байгаа арга хэмжээг тодорхойлох боломжтой болох юм. Банкны системийн эрүүл, найдвартай үйл ажиллагаа нь цаашид хувийн секторын дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эерэг нөлөө үзүүлэх болно” гэжээ.
Гэрэл зургийг Б.Чадраабал