Улаанбаатар номын баяр 2020 өчигдөр Мишээл экспо төвд эхэлсэн. Энэ удаагийн номын баяр “Цааснаас цахимаар уншъя”, “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатай төдийгүй уламжлалт болон цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Иргэд Мишээл экспо төвөөр зочилж, зохиолчийн гарын үсэгтэй номыг 10-70 хүртэлх хувийн хямдралтай худалдан авах боломжтой юм. Мөн уншигчид хүссэн номоо “Mplus” аппликейшнээр захиалж, “Монгол шуудан”-гаар гэртээ хүргүүлэх боломжтой аж.
“Улаанбаатар номын баяр-2020”-ыг зохион байгуулагч, “Язгуур контент” ХХК-ийн захирал Г.Ганчулуун, ”Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ удаагийн номын баярыг цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Иргэд та бүхэн гэрээсээ гаралгүй цахимаар номоо захиалах эсвэл аюулгүй байдлаа хангаж, амны хаалт, бээлийгээ өмсөж хүрэлцэн ирж хүссэн номоо худалдан авах боломжтой. Бид ирсэн хүн бүрийн халууныг хэмжиж нэвтрүүлж байна гэлээ.