Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна.
Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн ирсэн. 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг. Манай улсын хувьд, 300-400 жилийн тэртээгээс энэ өдрийг тэмдэглэж ирсэн.
Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 9 гишүүнээс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлж, 12-р сард баталсан. Ингэснээр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар бослон бөгөөд бид энэ жил анх удаа бүх нийтээрээ уг баярыг тэмдэглэн амарч байна.
Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг сануулж байсан билээ.
Жил бүрийн дүйчин хийгээд жилийн 6-н дүйчин тэргүүтний тус эрдэм оршивой. Сар бүрийн шинийн 1-нд Динээнзэн жалбу бурхан морилсон дүйчин энэ өдөр хийсэн буян 100-дахин аривдах ба 100-н галавын хэлэнц арилж ахин сэрэгч тамд үл унана. Сар бүрийн шинийн 8-нд Манал бурхан заларсан дүйчин Энэ өдөр хийсэн буян 1000 дахин аравжиж өвчин гэтлэх болно.
Шинийн 10-нд Ловой бадам жунай заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс 10,000 дахин аривжих бөгөөд мэсийн аюулаас гэтлэх болно. Мөн халуун тамд үл унана. Шинийн 14-нд сайн цагийн 1000-н бурханы 2 болох Бурхан морилсон дүйчин энэ өдөр буян үйлдвээс 100,000 дахин арвижих бөгөөд ган зудийн аюулаас гэтлэх бөгөөд тамд үл унана. Шинийн 15-нд Нанваан таяан бурхан заларсан дүйчин энэ өдөр буян үйлдвээс сая дахин аривжих бөгөөд 8-н их аюулаас гэтлэх бөгөөд нэрвэлт үгүй тамд үл унана.
Зуны эхэн сарын шинийн 15 нь: Эхийн хэвлийд оршсон бурхны хутагыг олсон, гаслангаас нөхцсөн энэ 3 давхцсан их дүйчин өдөр. Маанийг 1 удаа уншсаны буян нь 3 дүнчүүр болж аривжих болно. Өөрийн багш болон дээдэс төрлөхүйтны таалал төгссөн өдөр буян хийвээс буян нь: жэваа дүнчүүр, Нар хиртсэн өдөр буян хийвэл дүнчүүр болж аривжина.
Сар хиртсэн өдөр хийсэн буян жэваа дүнчүүр болно. Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин аривжна хэмээн Банчин шагжаа ширий номолсон. Мөн Сар бүрийн шинийн 8, 14, 15, 22 энэ өдөр хийсэн буян 100 дахин аривжих болно хэмээн Жовужэ гэгээний зарлиг байдаг. Иймээс буян өчүүхэн үйлдсэн ч үр нь: цаглашгүй гарах тул сэтгэл итгэмжлэн сүжигийн сэтгэлээр бие хэл сэтгэлийн үүднээс буяныг үйлдэх дор хэчээн зохиохтун.
Бурхан багшийн их дүйчин өдөр гурван том тэмдэглэлт явдал давхацдаг
Бурхан багшийн их дүйчин өдөр Бурхан багшийн амьдралын гурван том тэмдэглэлт явдал давхацдаг.
Тодруулбал:
- Бурхан багш эхийн хэвлийд оршсон,
- Номоо номлож хутгийг олсон,
- Нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас Их дүйчин хэмээн нэрлэдэг.
Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.
Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.
Эл өдөр ямар үйлийг цээрлэж, ямар үйл хийх хэрэгтэй вэ?
Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай.
Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг.
10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг.
Өгөөгүйг авах нүгэлд, засаг төр, албан байгууллагаас хээл, хахууль авч байгаа үйлдэл тооцогдоно гэдгийг Тэргүүн хамба Д.Чойжамц онцолсон. Тэрээр “Хэлээр хийдэг нүгэл болох хов жив, хараал, хэрүүл, бусдыг гомдоох, дээрэлхэж доромжилсон хэрцгий үгсийг тус өдөр тэвчиж, аль болох хүнд сайн сайхан үгийг хэлж байх учиртай.
Бурхан багшийн их дүйчин өдрийг онлайнаар тэмдэглэн өнгөрүүлнэ
Гандантэгчэнлин хийд энэ жил дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн халдварын улмаас ард иргэдийг цуглуулан Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэхээс татгалзаж байгаа юм. Гэхдээ энэ тахлыг үед ч тэд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч алсаас буюу онлайнаар тэмдэглэх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан.
Тиймээс өнөөдөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц олон нийтийн сүлжээгээр дамжуулан үгээ хэлж Бурхан багшийн өдрийг тэмдэглэх юм.