“Токио-2020” зуны Олимп, Паралимпийн тоглолтыг Япон Улс энэ оны 7 дугаар сард зохион байгуулахаар бэлдэж байсан боловч дэлхий дахинаа тархаад буй шинэ төрлийн коронавирус “Ковид-19” цар тахлын улмаас Япон Улсын Засгийн газар, Токио хотын захиргаа, Олон Улсын Олимпийн Хороо 3 талт уулзалтыг хийж, Олимпийн тоглолтыг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 8 дугаар сарын 8-ны өдрүүдэд, Паралимпийн тоглолтыг 8 дугаар сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах шийдвэрт хүрсэн. Зуны Олимпийн наадмын түүхэнд өмнө нь 5 удаа цуцлагдсан тохиолдол байсан боловч хойшлогдсон нь анх удаагаа юм.
Япон Улс 56 жилийн дараа Олимпийн тоглолтыг эх орондоо зохион байгуулах эрхээ авсан боловч шинэ төрлийн коронавирусын нөхцөл байдлаас шалтгаалж, “Токио-2020” зуны Олимпийн наадам бүр мөсөн цуцлагдах магадлалтай гэдгийг Олон Улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах 5 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн.
Япон Улсын хувьд улс даяар зарласан “Онц байдал”-ыг 49 хоногийн дараа буюу 5 дугаар сарын 25-ны өдөр бүрэн цуцалж, царцсан эдийн засгийг сэргээх ажилд орсон. Япон Улсын коронавирустэй тэмцэх арга ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үнэлж байгаа ба Ерөнхий сайд Шинзо Абэ 2021 онд зохион байгуулах Олимпийн наадмыг хүн төрөлхтөн коронавирусын цар тахлыг ялан дийлсэн баярын наадам хэлбэрээр зохион байгуулахаа илэрхийлсэн.
Мөн тэрээр Олимпийн наадмыг зохион байгуулахад шинэ төрлийн коронавирусын эсрэг вакцин гаргаж авсан байх шаардлагатайг онцолж, Япон Улс тус чиглэлд идэвхитэй ажиллаж байгааг мэдэгдсэн. Япон Улсын хувьд Олимпийн тоглолт хойшлогдсонтой холбоотойгоор нэмэлтээр 20-60 тэрбум ам.долларын төсвийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болжээ.
ТЕГ