Манай улс дэлхийд хүн амын нас баралт, өвчлөлийн шалтгаанаар тархины цус харвалт, зүрхний шигдээсээр дээгүүр байр эзэлдэг.
Сүүлийн жилүүдэд ахимаг насны хүмүүст тохиолддог энэ өвчин нь залуужиж 19-21 насныхан эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах болжээ. Ид хөдөлмөрийн насны иргэд өвчлөх болсон гол шалтгаан нь архи тамхи, нүүрс ус, өөх тосны хэт их хэрэглээ, хөдөлгөөний дутагдлаас болдог байна.
Тухайн хүн харвалт, шигдээсийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах үгүйгээс шалтгаалан амь нас, хөдөлмөрийн чадварын асуудал хөндөгддөг аж.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасагт тархины цус харвалттай оношоор жилд 500-600 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг байсан бол энэ тоо хоёр дахин нэмэгдэж 1200-1300 эмчлүүлдэг байна.
Эмч мэргэжилтнүүдийн хэлсэнээр тархины цус харвалт, зүрхний шигдээс нь ид хөдөлмөрийн насны өвчин болж байгаа нь амьдралын буруу хэвшилтэй шууд холбоотой хэмээн тайлбарлалаа.