Дэлхийн гуравдагч орнуудын Шинжлэх ухааны Академи (TWAS) нь шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, олон улсын өндөр жишигт хүрсэн шилдэг эрдэмтдийг тус академид Насан туршийн гишүүнээр, мөн чадварлаг залуу судлаачдыг Залуу гишүүнээр (TWAS Young Affiliates) сонгон элсүүлдэг уламжлалтай.
Жил бүр Хөгжиж буй орнуудад ажиллаж буй докторын зэрэг хамгаалсан, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 10-аас дээш тооны бүтээл хэвлүүлсэн, 40 хүртэлх насны шилдэг 25 судлаачдыг Залуу Гишүүнээр 5 жилийн хугацаатайгаар сонгодог.
Саяхан тус хүрээлэнгийн Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораторийн судлаач доктор Цэднээгийн Мөнхцэцэг Залуу гишүүнээр сонгогджээ.
Доктор Ц.Мөнхцэцэг нь Тайваний Шинжлэх Ухааны Синика Академид Биотехнологийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан бөгөөд Докторын дараах судлаач эрдэмтнээр Тайваний Синика Академи, АНУ-ын Лос-Анжелес дахь Калифорнийн Их Сургууль, Япон улсын Токиогийн Их Сургууль зэрэг дэлхийд нэр хүндтэй судалгааны төв, их сургуулиудад шилдэг эрдэмтэн судлаачдын багт орон 10 гаруй жил ажиллажээ.
Түүний судалгааны ажлууд нь ургамлын чиглэлийн олон улсын тэргүүлэх сэтгүүлүүд болох New Phytologist, Plant Physiology, Plant Journal-д хэвлэгдэж байснаас гадна Scientific Reports, Journal of Biological Chemistry зэрэг судалгааны бусад чиглэлийн сэтгүүлүүдэд мөн хэвлэгдсэн байна.
Сонгогдсон Залуу Гишүүд нь Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-ийн чуулга уулзалт, хурлуудад уригдан оролцохоос гадна тус академиас зохион байгуулж буй үйл ажиллагаа, сургалт, хөтөлбөрүүдэд тухайн орны залуу судлаачдыг оролцуулахад дэмжин ажилладаг байна. Сонгуулт 5 жилийн хугацаа нь дуусгавар болсны дараа Залуу Гишүүн нь тус академийн ”Залуу Төгсөгч”-ээр үргэлжлүүлэн ажилладаг.
Манай улсаас ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаач доктор Т.Аззаяа 2017 онд Залуу гишүүнээр сонгогдож байжээ.
ШУА