Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Хүүхдийн бэлэг савлан худалдаалж буй 309 аж ахуй нэгж, 140 иргэн нийт 449 газрыг хамруулан шалгалт хийхэд 559 зөрчил илрүүлжээ. Эдгээрээс 73,4 хувийг газар дээр нь зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.
Хадгалалтын горим зөрчсөн есөн төрлийн 34 кг хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, 65 аж ахуй нэгж, иргэнд 37 сая 550 мянган төгрөгийн торгууль шийтгэл ноогдуулжээ. Мөн шошгийн зөрчилтэй 14 нэр төрлийн 600 ширхэг буюу 1,1 сая төгрөгийн хүнсий бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлсэн байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүүхдийн бэлэг сонгохдоо дараах зүйлсийг анхаарахыг сануулж байна.
- Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд ойролцоогоор 50-80 грамм сахар агуулагддаг. Энэ нь таны хүүхдийн шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай.
- Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/
- Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах
- Бялуу, хиам, зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах
- Халууны улиралд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа удаан хугацаагаар хадгалахгүй байх
- Гудамж талбайд ил задгай, машины ард худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.