Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний доогуур байрлах “U” хэлбэрийн 0.8 км урттай авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Тус зам нь хоёр эгнээтэй, 2 метрийн өргөнтэй явган хүний замтай, бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдэж дуусчээ. Уг авто зам баригдсанаар Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр болон Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой гэдгийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра тайлбарлав. Хотын Захирагч С.Амарсайхан зам дагуух цэвэрлэгээг бүрэн хийж дуусгаад сул шороо ихтэй газруудад ногоон байгууламж хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө. Мөн иргэдийн ая тухтай зорчих, орчны аюулгүй байдлыг хангах үүднээс зам дагуух зарим үйлчилгээний байгууллагуудад шаардлага тавьж гаднах орчныг тохижуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Энэ үеэр иргэдийн төлөөлөл хотын Захирагчтай уулзсан юм. Тэд хэлэхдээ Гурвалжингийн гүүрний ойролцоох барилгын материал жижиглэнгээр худалдаалдаг иргэд хүнд нөхцөлд ажиллаж байгаа тайлбарласан юм.Хотын Захирагч энэ асуудалд онцгой анхаарч Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд иргэдийн ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах үүргийг өгсөн юм.