Өмнөговь аймаг, “Энержи ресурс” ХХК хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад хотын утааны асуудлыг бууруулах, хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангах, хэрэглээний халуун устай болгох зорилгоор 63 МВт хүчин чадалтай Дулааны станц барих төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Энэ нь одоогийн дулааны станцын хүчин чадлаас гурав дахин өндөр үзүүлэлттэй бүтээн байгуулалт болж байгаагаараа аймгийн хувьд онцгой хөрөнгө оруулалт болж байна. Бүтээн байгуулалтын ажил 24 сар буюу хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ. Дулаан цахилгаан станцад 21 МВ т/ц-ийн хүчин чадалтай гурван ширхэг зуух суурилуулах ба нэг зуухыг байнгын бэлтгэлд буюу бэлэн байдалд байхаар төлөвлөжээ.
Төр, хувийн хэвшлийн хамтарсан энэхүү томоохон бүтээн байгуулалт нь Өмнөговь аймаг, Даланзадгад хотын оршин суугчдын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд туссан хүн амын өсөн нэмэгдэх хэрэгцээг дагасан дулаан, эрчим хүчний хангамжийг бүрэн хангах боломжтой гэдгийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцлон тэмдэглэлээ.