Сар гаруйн өмнө, УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсний дараа нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхлэх үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “…Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо эрсдэл, нөөцөө харж гаргасан. Өмч хувьчлал явна, орлогыг нь эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд тавьсан. Төрийн банкийг тодотголоор хувьчлахад цаг хугацааны хувьд энэ онд багтах боломжгүй байгаа. Мөн үнэлгээ нь өсөх боломжтой гэсэн судалгаа гарсан учраас энэ онд хувьчлах жагсаалтаас хассан” хэмээн мэдэгдсэн юм.
Гэвч эдийн засгийн ийм нөхцөл байдалтай үед Төрийн банкийг хувьлах нь зөв байсан гэдгийг салбарынхан, судлаачид, ажиглагчид хэлж байгаа юм.
Яг нэг сарын өмнө хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн салбарын төлөөлөл, УИХ, Засгийн газрын гишүүн, иргэд нийт 1000 гаруй оролцогч “Хөрөнгө оруулагч үндэстэн” хэрхэн болох талаар хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “…Даяаршиж байгаа энэ нийгэмд Монгол Улс эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж үр ашигтай байдлыг чухалчилбал хөгжинө. Миний хувьд эдийн засаг, бизнес дэх төрийн оролцоо хамгийн бага байх ёстой гэсэн байр суурьтай явдаг. Ирэх жилүүдэд явуулах өмч хувьчлалыг УИХ-д дахин оруулж батлуулахыг хүлээж байна ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд энэ жил 100 тэрбум төгрөгийн орлогыг өмч хувьчлалаас олно гэж тооцсон. Үүнээс Төрийн банкны хувьчлалыг хассан байгаа” гэж ярив. Уул уурхайн Эдийн засагч Л.Наранбаатар “…Өнгөрсөн жил “Монгол шуудан” компани тодорхой хэмжээний хувьцаагаа олон нийтэд гаргасан. 34 хувийг хувьчилснаар 90 сая төгрөгийн ашигтай ажилладаг, илүүдэл зардалтай байсан тус компани жилийн дотор 1.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж чадсан. Бизнесийн цэвэр өрсөлдөөнөөр ашигтай ажиллаж болохыг энэ компанийн хувьчлалаас харж болно” гэв. Мөн “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “…Төрд компани байх ёстой. Гэхдээ ямар компани байх ёстой вэ гэдэг улаан шугамаа тогтоох хэрэгтэй. Нүүрсээ Хятадын компанид зарахын тулд Засгийн газрын ажлын хэсэг ажилладгийг болиулмаар байна” гээд цаашид бизнесийн салбар дахь төрийн оролцоог багасгахыг хүссэн юм.
Ер нь оролцогчдын хувьд төр өмчөө шаардлагатай цаг үед нь хувьчлахгүй дарсаар байгаад үнэгүйдүүлдэг алдаа байдагт санал нэгдсэн байдаг.
Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханы өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо өгсөн мэдээллээр”… Төрийн банк нь 2016 оны аравдугаар сарын эцсийн байдлаар 113 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, түүний 25 хувийг нь Сангийн яам, үлдсэн 75 хувийг нь Хадгаламжийн даатгалын корпорац эзэмшдэг байна. Мөн нийт хоёр сая 863 мянган харилцагчтай, 202 мянган зээлдэгчтэй, 585 мянган хадгаламж эзэмшигчтэй” гэсэн юм. Мөн Төрийн банкийг хувьчилснаар улсын төсөвт 75 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Гэхдээ энэ нь ганц Сангийн яамны эзэмшлийн 25 хувьд ногдож байгаа орлого юм. Харин Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшлийн 75 хувийг оролцуулж тооцвол хамгийн багадаа 300 орчим тэрбум төгрөгөөр хувьчлах тооцоо гаргасан тухай тиэр хурал дээр яригдсан юм. Тиймээс хувьчлалын бэлтгэл ажлыг хангахаар Сангийн яам, Хадгаламжийн даатгалын
Мэдээлэлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүн холбогдох албаныхнаас асууж хариулт авсан. Тэр үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан “…Төрийн банкийг 2017 онд багтаан хувьчилаасай гэж бодож байгаа. Төрд удаан байлгаад хэрэггүй байгаа юм. Банкны зах зээлд гадны банкууд орж ирэх сонирхол их байгаа энэ үед Төрийн банкыг зайлшгүй хувьчлах хэрэгтэй. Гэхдээ 100 хувь хувьчлаад хэрэггүй. 25 хувийг нь төрд үлдээх хэрэгтэй. Харин Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшдэг 75 хувийг 2-3 багц болгоод 25 хувийг нь стратегийн хөрөнгө оруулагчдад, 25 хувийг дотооддоо гэх байдлаар хувьчилбал их амжилттай болно” гэж байлаа.
Түүнчлэн аль 2012 онд Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч, “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болд Төрийн банкны талаар хэвлэлд ярихдаа “…Төрийн банкны хувьд Сангийн яам, Төрийн өмчийн байгууллагад хамаардаг учраас хадгаламж авах ёсгүй. Учир нь, банкны цаана төр байгаа учраас давуу талаа ашиглаад хувийн банкуудтай хадгаламжаар өрсөлдөх нь шударга бус. Нөгөөтэйгүүр, төрийн өмчинд банк байх нь маш зохимжгүй гэдэг нь өнгөрсөн 20 жилийн туршлагад харагдсан. Сэргээн босголт гэж төрийн мэдэлд байсан банк дампуурсан. Удирдлага нь төрөөс томилогддог. Тэгэхээр Төрийн банк яаралтай хувьчлагдах ёстой. Тэгэхгvй бол зах зээлд гажуудал үүсгэж байна” гэж байв.
Мөн“Зоос” банкны хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл Б.Цэрэнжав хэдэн сарын өмнө хэвлэлд ярилцлага өгсөн байгаа юм. Тэрээр “… “Зоос” нээлттэй хувьцаат компанийг төр дээрэмдээд Төрийн банк болгож өөрчлөн байгуулсан. Үүнээс хойш найман жил өнгөрлөө. Энэ хугацаанд хууль шүүхийн байгууллага, УИХ-аар удаа дараа асуудлаа тавьсан ч шийдэгдээгүй байна.
…Нийт 634 хувьцаа эзэмшигч байдаг юм. Энэ хувьцаа эзэмшигчдээс 624 нь жижиг хувьцаа эзэмшигчид байгаа. Мөнгөний хэмжээг ярих юм бол янз бүрийн тоо гарна. 2009 оны үед бол зургаан тэрбум гаруй төгрөгийн хохирол байсан. Түүнээс хойш найман жилийн хугацаанд инфляци, хадгаламжийн хүү гээд тооцох юм бол ямар их өссөн нь мэдээж шүү дээ.
… Банкны 25 хувийг эзэмшиж байсан Европын сэргээн босголт хөгжлийн банк Сангийн яамтай хуйвалдаад мөнгөө гаргуулаад авсан. Ингэхдээ манай төртэй хуйвалдаж жил зургаан сарын хугацаанд Бенн Турнбулл захирлаар удирдуулсан гаднын хэдэн хүн ажилласан. Тэр хүн энэ хугацаанд маш өндөр цалинтай ажиллаж байгаад явсан. Мөн гол хөрөнгө оруулагч нь болох Д.Батбаяр өөрийн 51 хувийг эзэмшиж байсан 3.6 төгрөгийн хохирол барагдчихсан явж байгаа. Монголбанк гаргаад өгчихсөн юм билээ. Эрх хүлээн авагч Ариунбат зөвшөөрөөд мөнгө олгож өгсөн. Хуйвалдаж л өгсөн байх.
…Аль ч том хувьцаа эзэмшигч гомдол тавиагүй. Тавихгүй байгаа нь Д.Батбаяр Монголбанкны удирдлагатай ярилцаад хөрөнгө мөнгөө авсантай холбоотой байх. Харин нөгөө нэг том хувьцаа эзэмшигч болох Европын сэргээн босголт банк Төрийн банкийг Сангийн яамтай нийлж байгуулаад 1.6 жил ажиллахдаа өөрийн оруулсан найман сая ам.доллараа ямар нэгэн байдлаар гаргаж авсан гэдэг ойлголттой байна. Мөн нэг том хувьцаа эзэмшигч нь Эдвардын Сүрэн гэж хүн бий. Энэ хүн бол “Алтжин” компанийн Г.Алтангийн хүү нь. Энэ хүн бас одоо хүртэл дугараагүй яваа.
..Монголбанк “Зоос” банкийг татан буулгах, эрх хүлээн авагч томилсон нь хууль бус шийдвэр байжээ гэж үзвэл Төрийн банк байхгүй, Зоос банк байгаа гэсэн үг болно. Зоос банкны актив дээр үндэслэгдэн Төрийн банк байгуулагдсан. Дээр нь нэмэгдэж Хадгаламж банк нэмэгдсэн. Улам том болсон. Төрийн банкны анхны тулгын чулуу Зоос банкны суурин дээр байгуулагдсан гэж ойлгох ёстой. Тэгэхээр Төрийн банкны хувьчлал гэж ярихгүй юм болно шүү дээ. Хэрэв хувьчлал гэж яривал биднийг шинэ банкны хувьцаа эзэмшигч болгох ёстой болно.
…Төрийн банкны хувьчлал явагдах ёстой. Яагаад гэхээр Төрийн банк байгуулагдсанаас хойш манай төрийн удирдлага, Сангийн яамныхан хувааж иддэг болсон. Тухайлбал 2011 онд Төрийн банкны захирлаар Ж.Отгонбилэг болсон. ТУЗ-ийн дарга нь Очирхүү болж байсан. Гишүүдээр нь одоо Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Г.Баясгалан, Сангийн яамны газрын дарга Ж.Ганбат гээд олон хүн бий. Төрийн банк байгуулагдсанаасаа хойш дандаа ашигтай ажилласан. 2012 оны палансаа гаргахдаа банкийг ашигтай гаргаад ТУЗ-ийн гишүүн бүр 90 сая төгрөгийн шагнал авч хувааж идсэн байдаг. Гэтэл ерөөсөө тэр хүмүүст хариуцлага тооцолгүй явж ирлээ. Харин ч тэд одоогоороо төрийн өндөр албан тушаалд сууж байна. Түүнээс хойш Төрийн банкийг удирдаж байсан хүмүүс дандаа хувийн эрх ашиг, мөнгө гэж харж ашигласаар ирсэн. Тийм учраас хувьчлах нь зөв байх гэж хардаг” гэж ярьжээ.
Ийн Төрийн банкны хувьчлал энэ удаад Сангийн сайдын тайлбарласнаар цаг хугацааны хувьд амжихгүй учир хойшлогдсон гэв. Гэвч улсад өчнөөн төчнөөн ашиг авчрах энэ хувьчлалыг тун ойрын үед явуулах хэрэгтэйг мэргэжлийн болон албаны олон хүн хэлж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: www.aguulga.mn
1 comment
Төр өөрийн банк тай байх ёстой. Харин төрийн өмчийг л хулгайлдагийг болиулж , ял шийтгэлийг нь өндөр болгох хэрэгтэй ш дээ. Гэрээсээ юмаа хулгайд алдчихаад хулгай ороод бна гээд гэрээ зардаг билүү. Харин дахин хулгай орохгүй арга хэмжээ авдаг биз дээ Манангийн Маанагуудаа