Москва орчмын нутагт сүүлийн хэдэн жил хэт халах юм уу, мөндөр, цас, бороо гэнэт их хэмжээгээр орох нь нэмэгджээ. Эрс тэс ийм үзэгдлүүд дулаарлын ээлжит нөлөө юү? Энэ талаар Оросын Шинжлэх ухааны академийн дэргэдэх А.М.Обуховын нэрэмжит Агаар мандлын физик судлалын хүрээлэнгийн Хий судлалын тэнхмийн эрхлэгч Николай Еланскийтай “Риа Новости” агентлагийн тоймч ярилцжээ.
-Хойд туйл дээрх озоны цоорхой өмнөхөө бодвол томорсон гэсэн мэдээг олон хүн эмзэглэн хүлээж авч байна. Ер нь энэ мэдээлэл юуг зөгнөж байна вэ?
-Олон хүний түр зуурын гэж бодсон озоны давхарга нимгэрэх үзэгдэл эрчимтэй үргэлжилж байгаа нь яах аргагүй гоц үзэгдэл. Энэ сарын 3-4-ний өдрүүдэд цоорхойн зах Москва орчимд хүрсэн нь мөн анхаарал татаж байна. Энэ үеэр гэнэт их халсан нь үүнтэй холбоотой байж болох юм. Одоогоор нарны хэт туяаны хэмжээ Москва орчимд Грек, Крымийнхтэй ойролцоо байгаа. Энэ нь цаг агаар улам л тогтворгүй байхыг дэлхий дахинд сануулж байна.
-Дэлхий 2012 онд сүйрнэ гэж зарим хүн үзэж байгаа. Энэ нь озоны цоорхойтой холбоотой юу. Тийм бол байдал үнэхээр дордсон гэсэн үг үү?
-Олон нийт юуны өмнө нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Озоны цоорхой хойд туйлын дээр байгаа. Тэгэхээр аюул багатай гэсэн үг. Хойд мөсөн далай орчимд хүн амьдардаггүй. Нарны хэт ягаан туяа тэндхийн ус, усан ертөнцийн амь мандалд сөрөг нөлөөгүй. Тэгэхээр озоны давхаргын цоорхойн хэмжээ нэмэгдсэн нь дэлхий дээрх ихэнх амьд организмд шууд нөлөөгүй. Гэвч урт удаан хугацаанд, шууд бусаар сөрөг нөлөө авчрах нь мэдээж. Озоны давхарга халуунд мэдрэмтгий. Нарны хэт ягаан туяанаас гадна бусад бүх хорт цацрагийг шингээх аюултай. Тиймээс уур амьсгал дулаарахын хэрээр дэлхийн агаар мандал дахь агаарын эргэлт өөрчлөгдөж, тэр нь хамгийн түрүүнд озоны энэ мэдрэг байдалд нөлөөлнө.
-Озоны цоорхой уур амьсгалд нөлөөлөх магадлалтай юу?
-Үүнийг мэдэх аргагүй. Дэлхийн гадаргаас дээш 10 орчим км-ийн зайд оршдог тропосферт озоны давхарга дулаан буюу хүлэмжийн хийг хуримтлуулдаг. Харин стратосферт озоны давхаргад шингэсэн нарны цацраг дэлхий рүү тусдаг. Энэ нь нэг талаар тропосферт хуримтлагдсан дулааныг дэлхий дээр шууд буухаас сэргийлдэг юм. Озоны олон давхарга дундах уур амьсгалын тэнцвэрт байдлын өөрчлөлт ямар үр дагавартайг урьдаас тааварлах боломжгүй. Энэ нь өнөөдөр, маргаашийн цаг агаарыг таамаглаж болох ч сар, жилийн дараа ямар байхыг тооцоолох боломжгүйтэй ижил. Үнэндээ озоны давхарга цоорох болсон шалтгааны 70 хувь нь байгалийн хувьсал, 30 хувь нь хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс болсон. Хүн гагцхүү цоорч, нимгэрэх явцыг нь л түргэсгэж байгаа юм.
-Үүнийг өөрчилж, болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд хүн төрөлхтөн юу хийх ёстой вэ?
-Дэлхийн агаар мандал давалгаат давхаргаас бүтдэг. Дор байгаа бидэнд нам гүм, ор хоосон мэт харагддаг ч агаар мандал үнэн хэрэгтээ маш хүчирхэг, дуу чимээ ихтэй цогц систем юм. Цаг агаар 5-7 хоногт эрс өөрчлөгддөгийг бид мэднэ. Энэ нь агаар мандлын олон давхарга дундах дотоод өөрчлөлт, урсгалтай холбоотой. Эдгээр нь голдуу нарны идэвхжил зэрэг гадаад хүчин зүйлээс шалтгаалдаг. Энгийнээр тайлбарлавал гаднын хүчин зүйлс агаар мандлын олон давхарга дундах давалгааг эрчимжүүлэх буюу хүчтэй болгосноос дэлхийн уур амьсгал өөрчлөгддөг юм. Агаар мандлын дотоод хувьсалд нөлөөлөх гаднын хүчин зүйлсэд саяхнаас аж үйлдвэржилт нөлөөлөх болсон.
Өөрөөр хэлбэл суурин амьдрал, орчин цагийн нийгмийн хэмнэл уур амьсгалд нөлөөлөх болж. Ажлын өдрүүдэд агаар мандал дахь хорт хий нэмэгдэж, агаар “хүнд” болж, нөлөө нь амралтын өдрүүдэд илэрдгийг цаг уурчид хэдийнэ тогтоосон. Саяхан манай хүрээлэн Москва хот болон ойр орчмын нутагт агаар судлалын багахан ажиглалт, шинжилгээ явуулсан юм. Үр дүнд нь бид үйлдвэр, автомашины утаа, гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийн ялгаруулдаг дулаан, хий зэрэг агаар мандалд сөрөг нөлөөтэй бодисууд даваагаас баасан гаригт хамгийн их ялгардгийг тогтоогоод байгаа. Эдгээр нь агаар мандлын олон давхаргад хуримтлагдаж, дотоод урсгалыг нь өөрчилж, үүл үүсгэдэг.
Европт ч мөн ялгаагүй. Барууны олон эрдэмтэн энэ урвалыг ажиглаж, судалсан байдаг. Ажлын өдрүүдэд хорт хий тропосферт хуримтлагдаж, цаг агаар өөрчлөгддөг давтамжийн дагуу 5-7 хоногийн дараа буюу ихэвчлэн амралтын өдрүүдэд хариу үйлдэл үзүүлэхдээ салхи шуурга, цас, бороо, мөндөр зэрэг цаг агаарын тааламжгүй үзэгдлийг дэлхий рүү “илгээдэг”. 5-7 хоногийн дундаж эргэлтээс гадна 27 хоногийн их эргэлт гэж бий.
Цаг агаарын энэ чухал эргэлтийг ч өнөө цагийн суурин амьдралын хэв маяг өөрчилж байна. Онолын хувьд хүн төрөлхтөн агаарын эргэлтэд нөлөөлдөг хүчин зүйлсээ өөрчилж чадна. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бүх сөрөг нөлөөлөл АНУ, Европ, Хятад болон Япон гэсэн гурван том цэгт төвлөрч байна. Бид энэ төвлөрлийг задалж, дэлхийн хэмжээнд шилжилт, нүүдлийн давалгаа үүсгэх шаардлагатай байна. Мөн ажлын өдрүүдийг улс бүрт өөрөөр хуваарилах хэрэгтэй.
Жишээ нь, АНУ-д ажлын таван өдөр байлаа гэхэд Москвад найм, Бээжинд дөрөв зэргээр өөрчилж болно. Тэгвэл дэлхийн уур амьсгал долоо хоногийн дотор л өөрчлөгдөнө. Ажлын өдрүүд бүс нутаг бүрт өөр байвал агаар мандлын дотоод давалгаа тогтворжиж, эрс өөрчлөгдөх нь багасна.
-Тэгэхээр нэг бүс нутгийн орнууд ажлын өдрүүдээ давхцуулахгүй байхаар тохиролцож чадвал цаг агаар тогтуун болох нь ээ. Улс орнууд энэ асуудлаар хамтран ажиллахад бэлэн болов уу?
-Хил залгаа 2-3-хан орны хамтын ажиллагаа уур амьсгалыг таатай болгоход нэг их хувь нэмэр оруулж чадахгүй болов уу. Таны хэлснээр нэг бүс нутаг юм уу, нэг тив бүхлээрээ зөвшилцсөн тохиолдолд л дэлхийн хэмжээний үр дүн гарна.
-Дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй, зардал багатай арга энэ байх гэсэн бодол төрлөө. Олон улс энэ талаар тохиролцож эхлэх цаг хэзээ бол?
-Удахгүй гэж найдаж байна. Дулаарлын эсрэг гэсэн тодотголтой олон хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй шүү дээ. Улс бүр ашиг сонирхлоо хамгаалдаг болохоор тэр. Харин ажлын өдрүүдийг зөрүүлэх нь улс орнуудын ашиг сонирхолтой зөрчилдөх нь бага. Хэдийгээр байгаль хамгааллын асуудалд санал зөрөлдөх нь их байгаа авч олон улс эцсийн дүндээ хамтарч ажиллаж таарна. Өөр сонголт байхгүй.
1 comment
cash advance mobile
payday loans online
easy payday loans direct lender