Иргэд хавар, намар, өвөл ханиад, томуугаар өвчилдөг бөгөөд уушгины хатгалгаагаар жилд дунджаар 400-500 иргэнээ алддаг байсан. 2019 онд уушгины хатгалгаагаар 119 мянган хүн өвчилсний 77 мянга гаруй нь тав хүртэлх насн хүүхдүүд байв.
Харин манай улс коронавирусийн халдвараас сэргийлж эхэлснээс хойш амьсгалын болон гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин их хэмжээгээр буурчээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаагаар энэ оны эхний дөрвөн сард халдварт өвчний 12 мянган тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс 2125-аар цөөрсөн дүн болов. Үүний 25.8 хувийг амьсгалын замынх эзэлжээ. Амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин өмнө нь 35 хувиас буурч байгаагүйг судлаачид онцолсон.
2020 он гарснаас хойш амьсгалын замын халдварт өвчний 3102 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2708-аар буюу 46.6 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Томуу, томуу төст өвчин энэ оны эхний нэг сард 10 мянган хүн тутамд 104 оношлогдсон бол эдүгээ эл тоо ес байна. Ханиад, томуугаас гадна салхинцэцэг 2000 гаруй тохиолдлоор цөөрсөн нь халдварт өвчин буурахад голлон нөлөөлсөн аж.