АНУ-д ирсэн гадаадын иргэдийн ихэнх нь амрах, дээд сургуульд сурах эсвэл бизнес аяллынх нь хугацаа дуусмагц тус улсаас гарч явдаг. Гэтэл үүний сацуу Америкт байх хууль ёсны хугацаа нь дууссан хэдэн зуун мянган хүн тус улсад үлджээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам /DHS/ 2015 оны 10 дугаар сарын 1-нээс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд АНУ-аас гарч явах ёстой байсан гадаадын 50 сая орчим хүний ирсэн, явсан тухай бүртгэлийг гаргахад 2017 оны эхний байдлаар визийн хугацаа нь дууссан 544 676 хүн АНУ-аас гарч яваагүй байна.
2015 оны санхүүгийн жилийн эцсийн байдлаар, АНУ-д 482 781 хүн хууль бусаар үлджээ. Америкийн хэд хэдэн төрийн байгууллагуудын мэдээллийг харьцуулан шалгасан Дотоодын аюулгүй байдлын яам өнгөрсөн оны 6 дугаар сард 355 338 хүн АНУ-д үлдсэн болохыг тооцоолон гаргажээ.
Мөн визгүй нэвтрэх хөтөлбөрөөр /Visa Waiver Program/ АНУ-д нэвтэрсэн Европын орнууд болон уг хөтөлбөрт багтдаггүй улс орнуудын иргэдээс хэд нь тус улсаас гаралгүй үлдсэнийг тус яам тооцоолсон байна.
Эхний тохиолдолд хилээр нэвтэрсэн хүмүүсийн дотор хамгийн их хувийг Их Британи, Унгарын жуулчид эзэлж байжээ.
Харин хоёрдахь тохиолдолд /үүнд канадчууд, мексикчүүд, оюутнууд хамаарахгүй/ зохих хугацаандаа АНУ-ын хилээр гараагүй хүмүүсээс хамгийн олон нь Бразил, Буркина-Фасогийн иргэд байжээ.
Энэ мэдээллийг мягмар гарагийн үдээс хойш болсон Конгрессын виз олгох асуудал эрхэлсэн хорооны сонсгол хэлэлцүүлэг болохоос нэг өдрийн өмнө нийтэлжээ.
АНУ-д 2013 оноос эхлэн нэвтрүүлж буй хилээр орох гарах иргэдийг биометрик системээр бүртгэх ажлыг одоог болтол бүрэн хийж дуусгаагүй байгаа нь агентлагуудын ажлыг хүндрүүлэх болжээ. Дотоодын аюулгүй байдлын яамны хувьд зорчигчдын бөглөж буй цаасан маягтын мэдээлэлд найдахаас аргагүй байгаа аж. Тус яам дөнгөж саяхнаас л биометрик өгөгдлийг цуглуулах программыг туршиж эхэлсэн байна. Тухайлбал, АНУ-ын хилээр гарч буй хүмүүсийн хурууны хээг цуглуулах ажлыг хийж байгаа аж.
Эх сурвалж: Монцамэ агентлаг