Дэлхий нийт коронавирусийн цар тахлаасаа ч салж амжаагүй байтал Хятадаас бас нэгэн түгшүүрт мэдээ ирлээ. Е гепатитын шинэ штаммыг хархнууд тарааж байгаа гэх мэдээлэл эрүүл мэндийн байгууллагынхныг нь сандралд оруулж байна.
Хонконгийн их сургуулийн мэдээлснээр Хонконгт энэ штаммаар халдварласан 11 хүн бүртгэгджээ. Гэхдээ вирус яаж хархнаас хүнд дамждаг нь нууц хэвээр байна.
2018 онд Хонконгийн 56 настай иргэн элэг шилжүүлэн суулгасныхаа дараахан хархны Е гепатитын халдвар авсан болох нь тогтоогджээ. Өмнө нь хүнд ийм тохиолдол огт гарч байгаагүй юм. Тэр цагаас хойш энэ бүсэд 10 хүн хархны гепатитын эерэг хариутай гарчээ. Хамгийн сүүлчийн тохиолдол дөрөвдүгээр сарын 30-нд 61 настай эрэгтэйгээс илэрсэн байна. Энэ эрэгтэй элэгний үйл ажиллагаа алдагдсан гэх оноштойгоор эмнэлэгт хэвтсэн аж.
Эрдэмтэд энэ вирус хүнд хэрхэн дамжиж байгааг одоо болтол мэдэхгүй байна. Тэр тусмаа сүүлчийн тохиолдол бол 61 настай эрэгтэйн гэрээс харх байтугай хархны өтгөн ч олдоогүй, сүүлийн үед гэрээсээ огт гараагүй байжээ.
Магадгүй хүмүүс мэрэгч амьтны өтгөн, шингэнээр бохирлогдсон хүнс, усыг хүнсэндээ хэрэглэснээр, мөн бохирдсон эд зүйлстэй харьцсанаар халдвар дамждаг байж болох ч энэ хувилбарууд бас л батлагдаагүй байна. Тиймээс хархнаас вирусийг хүнд дамжуулдаг завсрын амьтан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Е гепатит нь Е гепатитын вирусээр үүсгэгддэг элэгний өвчлөл. Халдвар 2-6 долоо хоног үргэлжилдэг бөгөөд ховор тохиолдолд элэгний хурц дутагдалд оруулдаг байна. Энэ вирусийн халдвар Хонконгоос гадна Канадад 2019 онд бүртгэгдэж байсан. Тухайн үед Африкаас ирээгүй удаагүй байжээ.
Эх сурвалж: lifter.com.ua
Орчуулсан Э.МАРТ