Өнөөдөр 1,144,630 хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлж эхэллээ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.
Тэрбээр “Коронавирусний цар тахлын үед Засгийн газраас иргэдээ дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн хоёр хоногт буюу энэ сарын 18, 19-нд нийгмийн халамж, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд олгодог хүнсний талоны мөнгөн дүнг хоёр дахин, халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж нийт 306,143 иргэндээ олголоо” гэв.
Сануулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 6-ны өдөр мэдээлэл хийхдээ цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс 0-18 насны хүүхэд сар бүр авдаг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг аравдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг болгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм.