Халдварт өвчний голомтод үүрэг гүйцэтгэн ажиллах мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор ХӨСҮТ-ийн Био аюулгүйн олон улсын сургагч багш, мэргэжилтнүүд өнөөдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүнд хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг хэрхэн зөв хэрэглэх талаар сургалт зохион байгууллаа.
Хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг өмсөхөөс эхлээд тайлах хүртэлх дарааллыг зөв баримтлаагүйгээс болж тухайн ажилтан халдварт өртөж улмаар бусдад халдвар тараах эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд сургалтын үеэр анхааруулж байлаа.
Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/537 тоот тушаалын 7 дугаар хавсралт “Хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх заавар”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны А/52 дугаар тушаалаар батлагдсан “Халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл өмсөх тайлах заавар” зэрэг холбогдох стандарт зааврууд мөрдөгдөж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.