Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ковид-19 цар тахлын эсрэг ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээсийн орон сууцанд хамруулах тогтоол баталсан талаар Загсийн газрын хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэв.

Цар тахлын үед ажлын өндөр ачаалалтай ажиллаж байгаа өөрийн орон сууцгүй иргэд дээрх тогтоолын хүрээнд орон сууц түрээслээд өмчлөх энэхүү тусгай хөтөлбөрт хамрагдах боломжтой. Ингэхдээ эхний ээлжинд 1300-1500 айл өрхийг хамруулахаар тооцож хэрэгжилтийг ханган, нээлттэй сонгон шалгаруулалт явуулахыг НОСК болон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд даалгажээ.

Энэхүү хөтөлбөр нь нэн ойрын хугацаанд хэрэгжих бөгөөд орон сууцны 8 хувийн ипотекийн зээлээс ч хөнгөн нөхцөлтэй гэдгийг Засгийн газрын хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг тодотгов. Тэрбээр, “Засгийн газраас иргэдээ түрээслээд дараа нь өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна. Санхүүжилтын хувьд, Сангийн яам болон Монголбанк хамтран тооцоо гаргасан. НЗДТГ-аас цахимаар өргөдөл, хүсэлтийг хүлээн авах, зах зээлээс орон сууцаа худалдан авах, сонгон шалгаруулах ажиллагааг ойрын хугацаанд нээлттэй явуулна” хэмээв.

Өнөөдрийн байдлаар НОСК-аас түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд 3000 гаруй айл өрхийг орон сууцтай болгожээ.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар, цар тахалтай тэмцэж байгаа нөхцөл байдал, арга хэмжээний хэрэгжилтийн асуудлаар хэлэлцжээ. Энэ асуудлаарх УОК-ын өргөтгөсөн хуралдаан даваа гарагийн 11 цагт товлосон бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцохоор болсон байна. Тус хуралдаанаар цар тахлын үед Монгол Улсын нийгэм, эдийн засгийг дэмжих, иргэдийн ажлын байр, орлого, эрүүл мэндийн хамгаалах чиглэлээр өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг дүгнэх юм байна

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн