Өнөөдөо УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус штабын дарга Б.Ууганбаяр, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар оролцлоо.
Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: Монгол Улс өнгөрсөн хугацаанд 15 удаагийн агаар зам буюу нислэгээр 3315 хүн, төмөр зам, авто зам, явганаар 5007 иргэнээ хилээр нэвтэрлээ. Сүүлийн долоо хоногт 1070 хүнийг татан аваад байна.
Одоогоор 46 улсаас 10761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр иргэний дунд бага насны 1611 хүүхэд, жирэмсэн 152 эмэгтэй, санхүүгийн ямар ч боломжгүй болсон 1002 иргэн байна. Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн иргэдийг нийслэл болон бусад орон нутаг дахь 27 цэгт тусгаарласан. Мөн коронавирусний халдваргүй, өөр өвчтэй хүмүүсийг Нэгдүгээр төв эмнэлэгт тусгаарлаж эхэлсэн.
УОК, Шадар сайдын зүгээс ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг нарийн зохион байгуулахаар асуудлыг хэлэлцэж байна. Мөн Энэтхэг Улс руу дахин нислэгийг хийхээр төлөвлөж байна. Одоогоор хугацаа тодорхойгүй ч бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн.
БНХАУ-аас тодорхой иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Удахгүй эдгээр иргэнээ татан авч, Замын-Үүдэд тусгаарлах ажлыг зохион байгуулна. Татан авах ажиллагаа цаашид тасралтгүй хийгдэнэ гэж хэллээ.