-Африкийн Ерөнхийлөгч залуу амрагууд, үнэтэй автомашинууд, Парисын барилгын төлөө төсвөөс хэрхэн хулгай хийсэн тухай түүх-
Лента.ру сайтад цувралаар гардаг дэлхийн улс орнуудын үе үеийн удирдагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн тансаг амьдралын тухай материалаас хүргэж байна. Энэ удаад Габоны экс Ерөнхийлөгч Омар Бонго Ондимба хэмээх төрийн эрхэнд 42 жил суусан хүний тухай өгүүлэх болно. Тэрээр хэдэн арван хүүхэд, эхнэр, амрагтаа зориулж төсвийн мөнгийг гарын салаагаараа урсгаж байсан нэгэн юм. Францад тансаг байр, байшингууд худалдан авсны нэг нь Елисейн талбайтай зэрэгцээ оршдог бөгөөд 18 сая еврогийн өртөгтэй байсан гэдэг.
Эцгийн нөлөө
“Габоны шинэ Ерөнхийлөгч Али бен Бонго Ондимба ганцхан өдрийн дотроо шинэ автомашин худалдан авахад 15 сая орчим евро зарцуулсан нь Африкийн энэ улсын ДНБ-ий 1 орчим хувь гэсэн үг” гэж Францын France 24 суваг мэдээлж байлаа. Тус сувгийнхан Габоны төрийн тэргүүнийг 2010 оны нэгдүгээр сард албан тушаалаа хүлээн авснаас хойш гуравхан сарын дотор авто паркдаа 29 үнэтэй машин нэмж авсан гэх баримтыг дэлгэсэн юм.
Тус улсын Ерөнхийлөгч Британи, Германы машинуудад нүдээ өгөхөөс ч буцдаггүй аж. Тэрбээр нэг өдрийн дотор нэг бүр нь тухайн үедээ 140 мянга орчим еврогийн өртөгтэй байсан гурван Mercedes-Benz CL 63 AMG, тус бүр нь 430 мянган еврогийн хоёр Rolls-Royce Phantom, 265 мянган еврогийн Rolls-Royce Ghost, хагас сая шахам еврогийн үнэтэй Bentley Mulsanne худалдан авсан гэдэг. Түүнчлэн Ерөнхийлөгчид тус бүр нь 2,5 сая еврогийн үнэтэй хоёр ширхэг ВИП загварын автобус хэрэг болжээ.
Үүнээс гадна Ондимба ойрын хүрээллийн хүмүүсдээ дөрвөн BMW, 11 Mercedes-Benz, Maybach 625, Rolls-Royce Drop Head худалдан авч өгсөн байна. Ингээд эдгээр машинд нийт 8 сая евро зарцуулж, 7 саяар нэмэр тоноглол, засвар үйлчилгээ хийлгэжээ.
Францын хэвлэлүүдээр энэ бүх худалдан авалтыг Габоны татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн гэж бичиж байлаа. Хөнжлөөсөө давтал хөлөө жийж, төрийн мөнгөөр сарвайснаа авдаг энэ зуршлыг тэрбээр эцгээсээ буюу Габоны экс Ерөнхийлөгч Омар Бонго Ондимбагаасаа өвлөн авчээ.
Хамгийн баян африк
1967 онд төрийн эрхэнд гарч ирсэн Ондимба улс орондоо төдийгүй хилийн чанадад ч байнга л дуулианы төвд орж явдаг нэгэн байв. Өрнөдийн хэвлэлүүдээр Габоны удирдагчийг авлигын хэрэгт сэжиглэн бичдэг байлаа.
Энэ африк эр дэлхийн хамгийн баян Ерөнхийлөгчдийн нэгд тооцогддог байлаа. Түүнийг суут авлигач ч гэж нэрлэдэг байсан юм. Бонго төрийн сангаас мөнгө аваад, өөрийнхөө хүссэн зүйлд зарцуулдаг хэрнээ төсөвтөө бол улс орныхоо тайван амгалан байдлыг дэмжих хэмжээний мөнгө заавал үлдээдэг байв.
Бонго Францад л гэхэд 33 ширхэг үл хөдлөх хөрөнгийн объекттой басйан гэдэг. Тухайлбал, Парист хэд хэдэн тансаг байр, байшинтайгаас гадна Ниццед тансаг шилтгээнтэй байжээ. Хамгийн дэгжин нь гэвэл Елисейн талбайтай зэрэгцэн оршдог 18 сая еврогийн өртөгтэй харш байв. Цаасан дээр бичсэнээс харвал 2000 м.кв талбайтай энэ байшин Люксембург дэх нэгэн компанийн нэр дээр байдаг бөгөөд тэрхүү компанийнх нь түнш нь Габоны удирдагчийн хүүхдүүд байсан гэнэ. Байшинг худалдан авах үедээ хүүхдүүд нь 13, 16 настай л байсан гэдэг.
Дээр нь тэрээр Ялалтын аркны дэргэд дөрвөн байшин, 9 өрөө байртай, Эйфелийн цамхгийн дэргэд хоёр байртай, Ниццед дөрвөн шилтгээнтэй байжээ.
Бонгод хэдий хэмжээний мөнгө байсныг хэн ч мэдэхгүй. 1999 онд Америкийн Сенатын дэргэдэх хорооноос шалгалт хийгээд, Ондимбагийн зөвхөн Citibank-ны дансанд нь л гэхэд 130 сая ам.доллар хэвтэж байдаг гэсэн дүгнэлт гаргажээ. Гэр бүл нь нэг жилийн дотор 63 сая орчим евро зарцуулжээ.
Төрийн тэргүүн нийт 30 гаруй хүүхэдтэй бөгөөд алийг нь ч орхилгүй, асарч халамжилж ирсэн юм. Бонго ойр дотны хүмүүстээ тансаг бэлэг барих дуртай нэгэн байв. Тиймээс Габоны төсвөөс худалдаа хийж, тэднийгээ баярлуулдаг байжээ.
Тэр ч бүү хэл төрийн тэргүүний хүүхдүүд ч улсын мөнгөнд гараа дүрэх эрхтэй байв. Паскалин хэмээх нэгэн охин нь л гэхэд өөртөө Mercedes, Ерөнхийлөгч Ferrari 612 Scaglietti F1, харин түүний хүү Али Ferrari 456 M GT-ыг улсын мөнгөөр авч байжээ. Ерөнхийлөгч 44 настай эхнэртээ тэнгэрийн хөх өнгөтэй, 350 мянган фунтын үнэтэй Maybach хүртэл бэлэг болгон барьж байжээ.
“Би биеэ үнэлэгч биш, Перугийн мисс”
Бонго сайхан хүүхэнд нугастай дуртай байв. Тэрээр анх 15 настай Мари Жозефин Каматай гэрлэж байжээ. Хайртай бүсгүйгээ бүх зүйлтэй хардана. Тэргүүн хатагтай хэн нэг эрэгтэй рүү инээмсэглэн харах л юм бол хэдэн өдрийн дараа өнөөх эр нь үхсэн байдалтайгаар олддог буюу ор сураггүй алга болдог гэсэн цуу яриа ч гарч байжээ.
Гэтэл Ерөнхийлөгч өөрөө бол тийм үнэнч эр байгаагүй юм. Тэр хар, цагаан арьстай хүүхнүүдийн алийг нь ч ямар статустай, нийгмийн гаралтай, мэргэжилтэй гэдгийг нь тоолгүйгээр таална.
“Чи надад Парисаас биеэ үнэлэгчид нийлүүлж бай. Харин би чамд хувцас оёход чинь тусалж, жил бүр 600 мянган ам.доллар өгч байя. Тохирлоо” гэж Италийн дизайнер Франческо Смальто хэмээх өөртэй нь олон жил хамтран ажилласан хүнтэй хүртэл гэрээ байгуулж байв.
Мари Жозефин Ондимбагаасаа 1986 онд салсан ч экс эхнэр, нөхөр хоёр сайхан харилцаатай хэвээр үлдсэн юм. Бүсгүй Пасьянс Дабани нэрээр тоглож, Африкийн хамгийн алдартай дуучдын нэг болсон. Түүний зарим дууг хүү нь болох одоогийн Ерөнхийлөгч Али Бен Бонго бичсэн гэдэг.
Ондимба хоёр дахь эхнэрээрээ өөрөөсөө 29 насаар залуу бүсгүйг дөрвөн жилийн дараа сонгон авчээ. Төрийн тэргүүний ойр тойрны хүмүүс тэр хоёр шиг дурлалт хосыг хэзээ ч харж байгаагүй гэж мэдэгддэг. Гэхдээ л Ерөнхийлөгч өөр хүүхнүүдтэй сүүлэрч явахад энэ дурлал нь огтхон ч саад болдоггүй байсан гэдэг.
Нэг удаа хүүхэмсэг африк эртэй холбоотой олон улсын дуулиан дэгдэх дөхсөн юм. 2003 онд Либревилд “Ертөнцийн мисс” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болжээ. Тэмцээн дууссаны дараахан Перугийн засаг захиргаа Габон улсад албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн байна. Учир нь 22 настай Перугийн гоо бүсгүй Иветт Санта-Марияг Ерөнхийлөгчийн ордонд Африкийн удирдагчтай уулзахаар урьжээ.
67 настай Ондимба залуу бүсгүйг том өр бүхий өрөөнд дагуулан орж гэнэ. Харин гоо бүсгүй “Би биеэ үнэлэгч биш, Перугийн мисс” хэмээн уурлан хашхираад ордноос зугтаж гарсан байна.
Бүсгүй зочид буудлынхаа өрөөнд очиж амжсан боловч Ерөнхийлөгчтэй нэг оронд ороогүйн төлөө 12 хоног зочид буудлынхаа өрөөнөөс гарч чадахааргүй болсон юм. Харин энэ хэрэгт Интерпол, Европын олон нийтийн байгууллагууд оролцсоноор бүсгүй энэ улсаас гарч чаджээ. Габонд үүнийг дайснуудын явуулга гэж бүх зүйлийг үгүйсгэсэн аж.
Габон маягийн нэг хүнийг тахин шүтэх соёл
Габоны иргэд Бонгоос маш их айдаг байлаа. Түүнийг Испанийн нэгэн эмнэлэгт хорт хавдраар өөд болоход Африкийн энэ улсаас түүнийг таалал төгссөн тухай зарлах зориг зүрхтэй хүн нэг ч гараагүй гэдэг. Анх энэ мэдээг Францын хэвлэлүүд Елисейн ордны эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэн дамжуулахад Габонд мэдээллийг үгүйсгэж, эсэргүүцлийн нот бичиг хүртэл илгээж байжээ.
Харин Францад байсан Габоны сөрөг хүчний төлөөлөгчид өөрсдөө эмнэлэгт биеэр очиж, төрийн тэргүүнээ юу болсныг шалган тогтоосноор удирдагч таалал төгссөн нь тодорхой болсон аж. Ингээд улс орон даяар нэг сарын турш гашуудал зарлаж, Испаниас авчирсан Бонгын цогцос таван өдрийн турш Ерөнхийлөгчийн ордны гантиг зааланд заларчээ. Таалал төгссөн Ерөнхийлөгчийн цогцсонд хүрэх улаан хивстэй замд Францаас тусгайлан авчирсан цагаан сарнайн дэлбээ дэвсчээ. Бонгог цэргийн хүндэтгэлтэйгээр оршуулж, ёслолын ажиллагаанд нь 40 улсын төрийн тэргүүн ирсэн гэдэг. Ингээд Габоны шинэ Ерөнхийлөгчөөр Ондимбагийн хүү Али тодорчээ.
Али ч бас хоёр удаа гэрлэсэн. Анхны эхнэр Сильвия нь Габондоо төдийгүй хилийн чанадад ч загварлаг, дэгжин гэдгээрээ алдартай хатагтай байсан юм. Цайвар арьстай, гоолиг, туранхай энэ бүсгүй улсынхаа хамгийн хөөрхөн бүсгүйн нэгд бичигддэг байлаа. Анхандаа хүмүүс уламжлалын дагуу тэргүүн хатагтай нь хар арьст эмэгтэй болсонгүй гэж дургүйцэж байсан ч удалгүй габончууд түүнд хайртай болж эхэлжээ.
Сильвия бараг бүхий л амьдралынхаа туршид Африкт амьдарч байсан хэрнээ Парисын чиг хандлагаар хувцасладаг. Тэрбээр Chanel, Valentino гээд дан дээд зэрэглэлийн хувцас сонгоно.
Африкийн энэ улсад хэд хэдэн удаа гэрлэхийг зөвшөөрдөг болохоор Али хоёр дахиа гэрлэжээ. Инга Линн Коллинзтой тэрбээр Калифорнид танилцсан гэнэ. Энэ гэр бүлд байнга л дуулиан шуугиан, хэрүүл гарч, гар хүрэх тохиолдол ч гардаг байна. Эцэст нь америк бүсгүй өөрийг нь хорьж, харгис хэрцгийгээр зоддог байсан тухайгаа яриад, 2015 онд салах өргөдлөө өгчээ. Габоны Ерөнхийлөгч анхны эхнэр Сильвиятайгаа өнөөг хүртэл тансаглал дунд умбаж байхад түүний хоёр дахь эхнэр нь нөхрөөсөө материаллаг дэмжлэг ч авч чадахгүй болж, улсын тэтгэмжээр аж төрдөг гэж хэвлэлүүдэд бичиж байна.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулсан Э.МАРТ
1 comment
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой адилхан юм байна Эби сайхан хүүхэнд нугасгүй мисс Одгэрэлийг таалдаг байсан тавхай даа хөгийн эр