Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мөрдөн байцаах алба, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-тай хамтран “Байгалиа хамгаалъя” олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээг нэг сарын хугацаанд зохион байгуулж, олон нийт рүү чиглэсэн уриалга, сэрэмжлүүлэг, зөвлөмж, санамжуудыг ард иргэдэд хүргэж ажилласан байна. Уг арга хэмжээ нь “Ногоон дуу хоолой”, “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор зохион байгуулагджээ.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сарын хугацаанд хийсэн ажлынхаа талаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ууганбаяр товч мэдээлэл өгсөн юм.
Хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг гэж юу болох, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж мэдээллийг хүн ихээр төвлөрсөн гудамж талбай орон нутгийн газар байрлах лед дэлгэц, худалдааны салбарууд, сошиал орчин гэх мэт боломжит бүхий л нөхцөлүүдийг ашиглан хүргэж байна.
Хэн нэгэн хүний санамсаргүй, хайнга, болгоомжгүй үйлдэл хүрээлэн байгаа орчинд асар их хохиролтой. Ойрын жишээ гэхэд өнгөрсөн сарын 26-ны өдөр Богд ууланд гарсан түймэр. Энэхүү түймрийг залуучууд хүчээ нэгтгэж, албаныханд тусалж, богино хугацаанд бүрэн унтрааж чадсан. Түймрийн дараах байгальд учирч буй хохирол, мөн тэнд түймэр унтраахаар явж байсан хүнд учирсан хохирол гээд л тоочвол үр дагавар нь маш хор, хохиролтой. Тэгэхээр таны татаад хаясан тамхины иш, чүдэнз, гүйцэд унтраагаагүй хаясан галын нурам гээд тоочоод байвал их олон хүчин зүйл байгаль орчинд хохирол учруулж байна.
Хүмүүс агаар салхинд гарч, амрах их дуртай байдаг. Тэгвэл та бидний хэнэггүй, хайнга байдал бидний амьсгалах агаар, нүд баясгадаг байгаль дэлхийг хоромхон төдийд л үгүй хийж болно гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Тиймээс иргэд байгаль орчноо хайрлаж, хамгаалж, өөрөөс шаардагдах бүхий л эрсдэлт үйлдэлд хянамгай байх хэрэгтэй байна. Ногоон байгалиа хамгаалъя хүмүүсээ” хэмээв.
Н.БАТАА