Вена хотод өнөөдөр ОПЕК-ийн уулзалт болно. Энэхүү уулзалтад ОПЕК-ийн гишүүн орнууд болон тус бүлэгт багтаагүй нефть олборлогч орнууд ч оролцох аж. Дэлхийн эрчим хүчний салбарын хамгийн чухал үйл явдлын нэгт тооцогдох тус уулзалтаар экспортлогч орнууд олборлолтын түвшнээ бууруулах тухай өнгөрсөн жилийн хэлэлцээрээ сунгах эсэхээ ярилцах аж.
ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новакийн мэдэгдсэнээр ОПЕК-ийн гишүүн бус нефть экспортлогч хэд хэдэн орноос олборлолтоо багасгах гэрээг есөн сарын хугацаанд буюу 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл сунгаж болох тухай яриа хэлэлцээ хийсэн гэнэ.
Харин Кувейтийн Нефть, цахилгаан эрчим хүч, усны нөөцийн сайд Исам аль-Марзук нефть олборлогч бүх орон есөн сар бус, ердөө хагас жилийн хугацаанд олборлолтоо хязгаарлах боломжтой гэж мэдэгджээ.
Венийн уулзалтын хоёр дахь чухал сэдэв нь ОПЕК-ийн бүрэлдэхүүнд багтдаггүй, өмнөх хязгаарлалтыг дэмжээгүй нефть олборлогч хэд хэдэн улс энэхүү зөвшилцөл нэгдэх эсэх асуудал юм. Одоогийн байдлаар Египет, Туркменистан улс түүхий эдийн олборлолтоо хязгаарлахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Мөн Египетийн засаг захиргаа ч энэхүү зөвшилцлийг дэмжиж магадгүй болсон тухай ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Мухаммед Баркиндо мэдэгджээ.
Тэгвэл Их Британийн “Alpari Research & Analysis” төвийн ерөнхий захирал Роберто д’Амброзио энэ асуудалтай холбогдуулан “ОПЕК-т зөвшилцлийг сунгахаас өөр хувилбар байхгүй. Учир нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ тогтворгүй бөгөөд АНУ түүхий эдийн нөөцөө нэмэгдүүллээ гэсэн мэдээлэл гарахад л огцом унах хандлагатай байна. Энэ нь нефтийн эрэлт тийм ч их биш байгааг баталж байгаа юм. Зөвхөн зах зээл дээрх эрэлтийг л зохицуулж, нэг баррелийг нь 50 ам.долларт барьж байгаа” хэмээн тайлбарлажээ.
Э.ЗАЯА
1 comment
Generic Worldwide Zentel Free Shipping Dallas viagra online prescription Silagra Australia