АНУ Польшийн Редзиково сууринд пуужинг эсэргүүцэх хамгаалалт (ПЭХ) байрлуулах сонирхлоосоо татгалзаагүй гэж АНУ-ын БХЯ-ны Пуужинг эсэргүүцэх хамгаалалтын агентлагийн захирал Хэри Пеннетт мэдэгджээ. Америкийн цэргийнхэн Польшид “Aegis Ashore” олон зорилгот зенит-пуужингийн цогцолбороо байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Пеннеттийн хэлж буйгаар системийг байршуулах ажил графикийн дагуу 2018 онд явагдах гэнэ. Пентагоноос Редзиково дахь объектын барилгын ажлыг дуусгахад 90 сая ам.доллар гаргахаар төлөвлөжээ.
2018 онд “Aegis” цогцолборыг байршуулахад АНУ-аас нийт 1.7 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй байна. Энэхүү мөнгөний зарим хэсгийг SM-3IB хөдөлгөөнт зенитийн пуужин шүүрэгч 34-ийг худалдан авч, 287 нэгж болгох, түүнчлэн SM-3IIA-гээс (эх сурвалжийн мэдээлснээр энэ нь тив алгасагч баллистик пуужинг онох сайжруулсан загвар гэнэ) зургаан нэгжийг авахад зарцуулахаар болжээ.
АНУ-ын хувьд “Aegis Ashore” цогцолбор бүхий баазыг Румынд байрлуулсан юм. Девеселуд байрлах Америкийн ПЭХ-ын системийг өнгөрсөн оны тавдугаар сарын 12-ноос байнгын хяналтад байлгаж буй. Дашрамд сонирхуулахад Пентагон энэ сарын 2-нд Өмнөд Солонгост байрлуулсан THAAD системээрээ пуужинг шүүрч авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Харин НАТО-гийн зүүн цэгийг бэхжүүлэх асуудлаар “Atlantic Resolve” ажиллагааны хүрээнд энэ оны нэгдүгээр сард АНУ-ын хуягт танкны анги нэгтгэлийн бүлэг Польшид ирсэн билээ. Ерөнхийдөө Пентагон Польшид 3.5 мянган цэргийн алба хаагч, 400 гаруй нэг гинжит, 900 орчим дугуйт техникээ илгээхээр төлөвлөжээ.
Э.МӨНХЗАЯА