Тэнгэрийн хотын од номоос …
Найм хүрсэн бүхнийг толгой дараалан сургуульд хамруулж, долоон жил номын дуу сонсгох, сум нэгдэл, сангийн аж ахуйг олноор байгуулж, атар газар эзэмшинэ гэх засгийн шийдвэр элчээр дамжин хотоос хөдөөд өртөөлж, нүүдэлчдийн уламжлалаа хараахан гээж амжаагүй хөдөөгийнхнийг эрүүлжүүлэх үүрэгтэй цагаан өмсгөлтөнгүүд сумаас сум руу давхих болсон 1950-иад оны дундуур Офицерийн сургуульд орохоор шулуудсан арав гаруй насны жаалхүү хаа холын Баянхонгорын Өлзийт сумаас дүүгээ хөтлөн нийслэлийг зорьжээ.
Соёлын довтолгоонд “өртсөн” малчид шинэ тулгар нэгдэлд байсан хэдээ нийгэмчлээд цалин хөлстэй ажил олж, амьдрал ахуйгаа өөрчлөхөөр олноороо орон хотыг зорих болсон тул аав ээж нь хүүгийнхээ ирээдүйд саад хийгээгүй аж. Хүү зорьсон газраа ирж Гандангийн дэнж дэх Хүүхдийн эмнэлэгтэй зэрэгцэн орших сургуулийг олж очоод шалгалт өгч, бүртгүүлээд авчээ. Ийн Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуульд сурч байтал улс оронд цэргийн боловсон хүчнийг бэлтгэх эрэлт хэрэгцээ багассан гэх үндэслэлээр сургууль татан буугдаж гэнэ.
Хүү их сониуч. Орон хотын хаана юу буйг олоод мэдчих. Өөрт хийсэн олон нээлтийн нэг нь төмөр зам. Энэ үед Төмөр замын техникум байгуулагдан, монголчууд дотооддоо мэргэжилтнээ бэлтгэж эхэлсэн байв. Ийн тус сургуульд элссэн жаалхүү бол ирээдүйн Монгол Улсын гавьяат нисгэгч Дэмчигийн Чодин. Эхлэл төгсгөл нь тодорхойгүй хөвөрсөн урт төмөр замаар чимээ анир түгээн довтлохоор зэхэж буй хэлхээтэй галт тэрэг хүүд нутгаас нь холыг зорин хөдлөх гэж буй тэмээн жингийн цуваа шиг санагдах.
Хуучирч буй он жилүүдэд их говийн хөлөг онгоцонд тооцогдож асан тэмээн жин цагийн аясаар халагдан галт тэрэг тал нутгийг ороон жирэлздэг болж, жаалхүү машинист болохоор сурна. Анхны оюутны цалингаа дан нэгтийн дэвсгэртээр гардан, өөртөө хоёр кг алим авч үлдсэнийг нь ээждээ аваачиж өгч. Ганцаараа идсэн алимнаасаа хордлого авч сандарч явсан гэгээн дурсамжтай өдрүүд өнгөрч, сургуулиа төгсөх жил Чодингийн мөрөөдлийг найз нь орвонгоор нь эргүүлчихэж гэнэ. Түүний найз Нэргүй Маршал Чойбалсангийн хүү. Энэ хөдөлгөөнтэй залуу Чодинд Нисэх курст сурч нисгэгч болох санал тавьж.
Ийнхүү Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийг зорьж математик, орос хэл, эрүүл мэндийн шалгалт өгч байж хоёулаа уг курсын босгыг давжээ. Чодин нисгэгч болохоор сурч байтал Төмөр замын техникумаас сургууль хаяж явсны төлбөр 13 мянган төгрөг нэхэгдэж гэнэ. Ажил хийгээгүй хүнд ийм хэмжээний мөнгө төлөх чадвар байсангүй. Хүний л эх юм хойно ээж нь уйлж, дуулж, сургууль дээр нь очиж байж зохицуулж байжээ.
* * *
БХТН дэргэдээ нисэх курс (ДОСААФ) нээсэн энэ үед Агаарын харилцааны газар шинэ онгоцоор паркаа нэмэгдүүлж, бэлтгэгдсэн команд нь шинээр ирсэн том онгоц руу шилжин нисгэгчид дутагдаж байсан үе таарч. Залуус цагаа олсон байлаа. Нисгэгчийн цагаан толгой заалгаж, нислэгт тохиолдсон онцгой үед авах арга хэм-жээ болон ашиглалтын заавар зэрэг олон төрлийн хичээлээр даруулах сонсогчдод багш нар нь ЗХУ-д хэвлэгдсэн мэргэжлийн сэтгүүл үзүүлнэ. Жишээ нь “Гражданская авиация” сэтгүүлийн дугаар авчраад өгнө.
1960 оны хавар Чодин АН-2 онгоцны II нисгэгчээр томилогдон Г.Раднаа, С.Лхагважав, Нэмэх зэрэг нисэхийн нэрийн хуудас болсон багш нисгэгчидтэй нисэж, удалгүй экпажийн дарга болж, ИЛ-14, АН-24, АН-26-д шилжсэн байдаг. Далаад онд АН-24 онгоцны дарга Чодин одоогийнхоор бол “од” болж байв. Нисгэгч сонины нийтлэл сурвалжлагын баатар болж, радио, телевизид ярилцлага өгдөг болжээ. “…МАХН-ын XVII их хурлын төлөөлөгч, сар улирал, жилийн төлөвлөгөөг тасалж, ямар нэг зөрчил гаргаж байгаагүй.
Арван жилийн дотор Нисэх курсын сонсогчоос онгоцны дарга болсон. Цаг агаарын ямар ч хүнд нөхцөлд онгоцоо буулгадаг иргэний агаарын тээврийн чадварлаг нисгэгчдийн нэг” хэмээн онцолсон мэдээ сурвалжлагууд өдгөө сонины шарласан хуудас, телевизийн алтан фондод хадгалагдан үлдэж. Энэ цаг үед Чодин Засгийн газрын тусгай гурван экипажийн нэгийг даргалж байв. Тусгай үүргийн экипажийн ажил түвэгтэй. Төр, засгийн аль нэг дарга сайдын хэн нь ч, хэзээ ч, хаашаа ч нисэж мэднэ.
Нисгэгчид өглөө ажилдаа ирж бэлэн байдалд хэзээ, хаашаа ч хөөрч мэдэх маршрут, ямар үүрэг өгөх нь тодорхойгүй дарга нараа хүлээнэ. Төр засгийн төлөөлөгчид заримдаа цас зуд, үер борооноос үүссэн гамшгийн голомтод ажиллах томилолттой ирнэ. Ийм томилолтын хугацаа 14 хоногоос нэг сар хүртэл сунжрах нь бий. Тусгай үүргийн нислэгийн чиглэл, маршрут, хэзээ ниссэн, хэзээ буух талаар ар гэрт нь тайлбар тавих эрх диспитчерийн албанд байхгүй.
Төв хорооны дарга нар Чодин даргатай экипажтай нисэхдээ цаанаа л нэг баяртай байх. Чодинг онгоцоо жолоодоход зорчиж яваа дарга, төлөөлөгчид цай уух нь ууж, шатар нүүх нь нүүнэ. Орон нутгийн аль ч нисэх буудлын шороон зурваст буухад АН-24 онгоц газардаж байгаа шинжгүй, аягатай цай ч цалгидаггүй учраас Чодинтой нисэх дуртай. Тусгай үүргийн нислэг гүйцэтгэдэг “БНМАУ-6807” дугаартай АН-24 онгоц долоон хүн суух зориулалттай. Хоёр салонтай энэ онгоц тухлаад суух ширээ, дивантай, нислэгийн үед шатар тоглоод, цай уугаад явж болохоор тоноглогдсон аж. Тиймээс төр засгийн төлөөлөгчдийг хөдөө орон нутагт ажлаар явах үед ч гадны төлөөлөгчид ирэхэд ч “БНМАУ-6807” тусгай дугаартай АН-24 онгоц явдаг байжээ.
* * *
Монгол Улс 1979, 1982 оны зун Улаанбаатарт хуралдсан Азийн Буддистуудын энх тайвны хурлын хүндэт зочин Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц, задгай сансрын анхны гийчин ЗХУ-ын сансрын нисгэгч Алексей Леоновын 1984 оны айлчлалд энэ онгоцоо бэлтгэн, тэднийг Монголын үзэсгэлэнт газруудад хүргэх ажлыг Чодин даргатай экипажид хариуцуулсан байдаг. Далай лам 1982 оны зун ирэхдээ Өмнөговьд аймагт очив. Чодин нисэх буудалд онгоцоо газардуулаад хаалгаа нээн зорчигчдод шат тавьж өгч.
Далай лам онгоцноос бууж хүмүүсийн дундуур орж цааш алхахад ард үлдсэн хүмүүс гэгээнтний дөнгөж сая гишгээд буусан онгоцны шатанд мөргөж, хамгаалалтын цагдаа нисгэгч Чодингийн гараас атгачихаад тавихгүй байж гэнэ. Далай ламын өргөсөн будааг шүтлэгтэй хүмүүс Ганданд ширхэг ширхэгээр худалдаж байх энэ үед Далай лам хоёр нисгэгчээ ул боовоор “урамшуулсан” юм гэдэг.
Мөн нислэгийн турш агаарын хүчтэй урсгалаас үүсэх сэгсрэлтийг илт мэдрүүлдэг АН-24 онгоцоор нисээгүй шороон зурваст биш хатуу хучилттай зурваст газардаж буй мэт тухлаг ниссэн ЗХУ-ын сансрын нисгэгч Алексей Леонов Чодингийн нислэгийн уран чадвар, монгол нисгэгчдийн авьяасыг гайхаж байсан гэдэг. Д.Чодингоос гадна хожим Монгол Улсын гавьяат нисгэгч болсон С.Тамир, Ж.Наран, Д.Пүрэвдорж, Ц.Дэлгэрсайхан нарын олон нисгэгчдийн хөлөглөж асан “БНМАУ-6807” дугаартай АН-24 онгоц одоо Иргэний нисэхийн хамгаалалттай хашаанд мөнхийн зогсоолд зогсож буй.
Улс орны болон агаарын тээврийн нэг цаг үеийн түүхийг хүүрнэн өгүүлэх энэ онгоцыг ид нисэж байх үеийнх нь хуучин өнгөөр будаад тавьжээ. Хичээл зүтгэл, авьяас, ур чадвар даган магтаал, урам ирж Чодин алдар хүндийн оргилд гарсан ч өөрийнхөөрөө л байх. “…Миний аав Дэмчиг ан авд хорхойтой хүн. Зундаа тууврын мал туучихна. Сумандаа хамгийн олон нохой, хамгийн олон хүүхэдтэйгээрээ алдартай аав маань нохдоо анд гайхалтай сайн сургасан. Манай ноход үнэг, чоно агнана, тарваганы хамгийн сайн, хамгийн томыг авладаг байсан…” хэмээн амины хэдэн найздаа ярина.
Чодин айлын тав дахь хүүхэд. Том эгч нь түүнийг бага байхад хүүхэд төрүүлээд тэнхэрч чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэнэ. Тиймээс эгчээсээ өнчирч үлдсэн дүүдээ их хайртай байж. Баяр ёслолоор дүүгээ ирээд явсны дараа гавьяат нисгэгч маань хөвгүүддээ “…Эгчийг нас барсны дараа аав өглөө эрт тэмээний бөхөнд гэрийн хана хэвтүүлж бөхлөөд шарилыг нь тавиад явсан. Нялх дүүгээ угжиж аргадсан өдөр бусдаасаа арай л урт байсан санагддаг. Аавын барааг олж харах гэж бүтэн өдөр болсон. Нар бууж орой болохын өмнө аав тэмээгээ хөтлөөд ирсэн. Бид “аав маань эгчийг хаана тавиад ирж байгаа юм бол” гэлцсэн ч асууж зүрхлээгүй юм” хэмээн ярьдаг байж.
Анчин Дэмчиг учрал хагацлын гашууныг нялх багадаа мэдэрч, сургуульд сурна гэж хэлчихээд том хүн шиг дүүгээ хөтлөөд гарсан хүүгээ ажил хийж, тусад орохоос өмнө хотод ирж суурьшсан байна. Тэднийх одоогийн Гуравдугаар цахилгаан станцын урьд байх төмөр замын гарамын ойролцоох том цемент дээр гэрээ барьсан байж. 1966 оны зун Улаанбаатарт буусан их үерт анчны гэр урсаж, хүүхдүүд нь аавынхаа шарилыг олон хоногийн дараа олж авсан тухай гунигт түүхийг гавьяат нисгэгч хүүхдүүддээ хэлж үлдээсэн байдаг.
* * *
Ширүүн дуугарч, уурлах нь ховор, нэг бол зөөлөн даруу эс бол хямсгар мэт харагдах Чодин гуайг хүмүүс хүндэтгэх ч ихэнхдээ жийрхэнэ. Гол төлөв хэцүү хүн, бэрх хүн гэх. Яагаад хэцүү вэ? гэхээр онцлоод хэлчих юм гарахгүй бас зовоох. Нисгэгчид хүн цөөтэй үед хаа нэг онгоцондоо “туулай” хийчихдэг байж. Экипажийг Чодин ахалж яваа үед “туулай” тээх зай бий юу, үгүй юу гэх асуудал нисгэгч, үйлчлэгчдийн хувьд ёстой толгойны өвчин болно.
Мөнөөх бэрх зантай гэлцэх экипажийн даргадаа арай гэж “Ганц хүн аваад явъя” гэж хэлэхээр цаадах нь “за” ч гэхгүй, “үгүй” ч гэхгүй. Нисэх буудлын дарга, II нисгэгч, онгоцны үйлчлэгчид даргынхаа бүрхэг занг мэдэх юм болохоор өөрсдөө шийдээд “туулай” авчихна. Тэгээд түүнээсээ айх. Дарга нь мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг таг дуугүй. Нислэгээс буугаад олон юм ярихгүй, дарга даамалд мэдээлэхгүй. Тэрээр II нисгэгчээ нэлээн “хашраадаг” байж.
“Нислэгийн өмнө агаарын хөлөгт хийгдэх үзлэг ямар байх ёстой вэ яг тэр хэмжээнд л хий. Бэлтгэлийг яг ном горимын дагуу хий” гэнэ. Өнөөдүүл хэлснээр хийгээгүй бол нэг хэсэгтээ л дуугарахгүй. Жаахан онгироо, сагсуу хүнд үг хэлэхгүй ч таатай хандахгүй. Буулт хийх үед онгоц харайлгуулж, эвдсэн нэгэнд дурамжхан. Ийм хатуу зарчимтай тэрбээр тэтгэвэрт гараад хэсэг штурман хийжээ. Энэ үед аэродромд суулт хийж байгаа АН-24 онгоцыг хараад л буулгаж, явгалуулж байгаа хэлбэрээр эзнийг нь таньдаг байсан гэдэг.
Нэгэндээ “Яаж ингэж оноож хэлэв” гэмээр зохисон нэр, хоч өгөхдөө гарамгай нисэхийнхэн түүнийг “ямаа” Чодин гэдэг бол дотных нь нөхөд “пан” Чодин гэх. Оньсого шиг учир битүүлэг энэ хүн олонхийн боддог шиг ихэмсэг, хямсгар хүн биш. Чимээгүй царайлж байгаад хэн нэгнийг үгээр чимхчихнэ, далд инээмсэглэж байгаад цаанаа л нэг шоолонгуй байдлаар нэр хоч өгч, аяглан дуурайхдаа сайн. Гэвч энэ зангаа ойр дотны найзууд, гэрийнхнээсээ бусад хүнд харуулдаггүй байж.
Нэг удаа Нислэгийн хөдөлгөөний албанд ажилладаг хүү Тэгшжаргалаасаа “…Болдоо /инженер Болдбаатар/ ажлаа хийж байна уу. …Энэ Болдоо жагсаалын үзлэг болохоор өмднийхөө шуумгийг нарийсгаж, үсээ ургуулаад, тах тавьж өндөрсгөсөн өсгийтэй гуталтай ирдэг байсан юм. Үс нь кителнийх нь дээгүүр давж гарч ирээд… Санжмятав дарга Болдоог жагсаалын өмнө дуудаж гаргаад үсийг нь хайчилчихдаг байж билээ. Тэгээд хашрахгүй ээ, дараагийн жагсаалын үзлэгт дахиа л үсээ ургуулчихсан ирнэ, дахиад л хайчлуулна. Тэр үс нь ямар муухай харагдана гээч …” гэж ирээд цаанаа л нэг доогтой ярьж.
Хүү маргааш нь мөнөөх Болдоод “…Аав таныг асуугаад… Та одоо офицер хувцсыг тэгж яргалаад байхдаа яахав дээ” гэж. Болдоо инженерийн царай нэг сонин болсноо “…Танай аавыг пан Чодин гэдэг, худлаа ярьж байгаа юм” гэж. Гавьяат нисгэгч хамгийн ойр, хамгийн дотно хүмүүсээ ийн цаашлуулж, чимхдэг байж. * * * “Намайг нисэх рүү уруу татсан хүн бол Нэргүй” гэдгийг нуудаггүй Чодин гуай найзыгаа “Энэ Нэргүй их хулигаан, янзын нөхөр” гэнэ.
Найз нь үнэхээр ч цаг үедээ атаман явсан аж. Үеийн залуучууд дуугүй даруухан найзад нь /Чодинд/ тав гурван үг хаяад, илүүрхээд эхэлбэл Нэргүй ганц цохиод хамрыг нь нээчихдэг байж. 1960-аад оны залуучууд, голдуу атаманууд “аваарын цагаан”, “амины цагаан” гэж нэрлэх малгайгаар гоёдог байв. Тэр малгайг атаманууд шүүрдэг бөгөөд булааж дээрэмдэх гэж зодоон цохион үүсгэх нь энүүхэнд. Чодин энэ “аваарын цагаан”, “амины цагаан”-аар гоёж, тэрэндээ жигтэй хайртай байж.
Ардын их хурлын депутатаар сонгогдсон 1970-аад оны сүүлээр Чодин гуай гэргийдээ мөн л цаг үеийн залуусын хувьд моод болсон сэгсгэр малгай авчирч өгч л дээ. Тэрээр энэ малгайг депутатуудыг жилд нэг удаа Улсын их дэлгүүрээр тусгайлан үйлчлүүлэх эрх олгох үеэр худалдаж авсан аж. Гэргий нь мөнөөх “сээгий”-г өмсөж гараад орцныхоо шатан дээр шүүрүүлэн уйлаад орж иржээ. Мань хүн харж сууснаа “За яахав, яахав, юунд уйлсан юм. Малгай аминд хүрч байсан тохиолдол байдаг л юм.
Чи л зүгээр байвал болов” гэжээ. Чодин гуай 1988 онд нэг удаа айхтар том “арын хаалга” хэрэглэсэн байгаа юм. Энэ онд түүний 17 настай хүү аравдугаар анги төгсөөд саналаараа цэрэгт явна гэж. Гэвч цэрэг татлагын комисс хүүг насанд хүрээгүй гээд цэрэгт авсангүй ээ. Аав нь энэ мэдээг дуулаад хүүгээ Батлан хамгаалахын сайд дээр дагуулаад оржээ. Ингээд “гологдсон” хүү айхтар том арын хаалгаар цэрэгт явсан гэж байгаа. Гурван жил цэргийн алба хаагаад ирсэн хүүгээ нэг өдөр Чодин гуай “За залуу, ажил хийх үү” гэж байна аа. Хүү нь “хийнэ ээ” л гэж.
Тэгсэн Олон улсын нисэх буудлын Ачаа шуудан тээврийн албанд ачигчаар оруулаад тавьчихаж. Зарчимтай, шударга байхыг чухалчилсан болохоос ашиг хонжоо бодож яваагүй аав нь хожим хүүдээ “Нийгэм нэг өдөр ингэж эргэхийг тооцсон бол хүүгээ эрдмийн мөр хөөлгөх байсан юм” гэж халагласан гэдэг. Олонд хямсгар харагдах Чодин гуай хүүхдүүдийнхээ эцэг эхийн хуралд сууж, тэднийгээ сургуулиас ирэх үед тэнгэр эвгүйрч цас, бороо шаагихаар завдвал дулаан хувцас бариад өмнөөс нь тосож авдаг зөөлөн аав байж. Хоёр дунд хүү нь жаахан сахилгагүй.
Хэрэг тарьчихаад алганы амт амсана гэж эмээсэн хөвгүүд зузаахан хувцас өмсөж аваад аавыгаа хүлээгээд нэмэргүй. Аав нь хүүхдүүдээ загнахгүй харин ч алганы амтыг нь хүлээсээр суугаад өөрсдөө хаширдаг байж.Хөвгүүд нэлээн хожуу охин дүүтэй болсон аж. Хэнз охин аавынх нь амины хүүхэд. Огт загнуулж үзээгүй хөвгүүд энэ үед аавдаа “дүүгээ буруу тэвэрлээ” гэх мэтээр загнуулдаг болж. Аав нь баяр ёслолоор хаа нэг архи ууна. Ийм үед найзуудаараа гэртээ хүргүүлээд таван давхарт байх гэрийнхэндээ хэл өгүүлнэ. Хөвгүүд нь буугаад очвол заль гарган, унтчихсан царайлаад үүрүүлж ордог бол охин дүүг нь очиж авахад хөтлүүлээд гүйгээд ороод ирдэг байж.
Ийм нэг эгэл даруухан эрхэм 1981 онд Монгол Улсын зургаа дахь гавьяат нисгэгч цолыг хүртсэн юм. 1968 онд “Хичээнгүй” Цэрэндоржоос хойш тасарч, хэсэгтээ сураг алдарсан гавьяат нисгэгч цол 13 жилийн дараа Буянт-Ухаад эргэж ирсэн нь энэ. Бүх амьдралынхаа турш багшийгаа хүндэлж, дурсаж байсан энэ хүнийг тэнгэрийн оронд залрахад гэрийнхэн нь Раднаа багшийнх нь бэлэглэж асан мөнөөх тарваган түрийтэй, орос хийцийн гутлыг өмсгөж үдсэн юм гэдэг.
Монгол Улсын Гавьяат нисгэгч Дэмчигийн ЧОДИН
(1938-2001)
НАМТАР: Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Цагаантолгойд 1938 онд төрсөн. 1953 онд бага дунд сургууль, 1957 онд Офицерийн сургууль тус тус төгсч, 1959 онд Төмөрзамын техникум-д суралцсан.Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (ДОСААФ)-ийн нисгэгчийн курс дүүргэн Агаарын харилцааны газарт 1963 оноос АН-2, “ИЛ-14” онгоцны нисгэгч, 1969 оноос АН-24 онгоцны дарга, багш нисгэгчээр ажилласан. Тээврийн болон Засгийн газрын онцгой, тусгай үүргийн нислэг гүйцэтгэж, Ардын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан. Гуч гаруй залуу нисгэгчийг онгоцны даргын бэлтгэл болон шөнийн нислэгийн дадлага олгох ажилд сургасан.
ШАГНАЛ: 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор Монгол Улсын Гавьяат нисгэгч цол хүртсэн. Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон бусад одон медалиар шагнуулсан.
Доод эгнээнд зүүн гар талаас хоёр дахь нь Гавьяат нисгэгч Д.Чодин
Иргэний нисэхийн өчигдөр ба өнөөдөр
1 comment
Дуурсагдах түүхээ үлдээсэн хүндээ.