Улаанбаатар хотод 2020 оны дөрөвдүгээр сард ХДХВ/ДОХ-ын дөрвөн тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 292 болж бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Монгол Улсад 2020 оны дөрөвдүгээр сард шинэ коронавирусний халдварын 26 тохиолдол илэрчээ. Өнөөдрийн байдлаар гаднаас зөөвөрлөгдсөн 42 тохиолдол бүртгэгдээд байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний дөрвөн сард 12 мянга болж өмнөх оны мөн үеийнхээс 2125-аар буурчээ. Үүнд салхин цэцгээр өвчлөгч 60.6 хувиар, цусан суулгаар өвчлөгч 57.7 хувиар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 67.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин мөөгөнцрөөр өвчлөгч 2.4 дахин, тэмбүүгээр өвчлөгч 38.8 дахин, трихомониазаар өвчлөгч 25 хувиар, гонококкт халдвараар өвчлөгч 14.2 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд, дөрөвдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1613 болж өмнөх сараас 2.6 хувиар, амьсгалын замаар дамжих халдвар 441 болж 12.3 хувиар буурчээ. Харин цусаар дамжих халдварын тохиолдол 42 болж 20 хувиар, гэдэсний халдварт өвчин 141 болж 46.9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.