ОХУ-аас Цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр гурван онгоцоор ирж байгаа талаар ЭМЯ-аас мэдээлсэн. Оюутнуудыг хүлээж авахаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян, Тоёока инн зэрэг буудлыг бэлдэж байгаа аж. Тэднийг хилээр оруулж ирэх үед ХӨСҮТ-ийн баг ажиллах юм байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ ОХУ-д халдварын тархалт өндөр байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Өнөөдөр ирэх оюутнууд дунд халдвартай хүний хавьтал болсон, өвдөөд эдгэрсэн хүүхдүүд ч байгаа гэх судалгаа бидэнд байна.
Магадгүй хөнгөн балархай хэлбэрээр шинж тэмдэггүй өвдсөн тохиолдол дэлхий дахинд олон байна. Тиймээс өнөөдөр ирмэгц нь бид шинжилгээ авна. Өөрөөр хэлбэл, өнөө шөнөдөө багтаад бид 346 хүний шинжилгээг авахаар лабораториудаа бэлдэж байна.
Шуурхай арга хэмжээний дөрвөн баг бэлэн байдлаа хангаад ажиллаж байгаа бөгөөд маргааш гэхэд халдвартай халдваргүйгээр нь ялгана” хэмээв.
Б.ИРЭЭДҮЙ