ИЗЗН-ын дэд дарга Батын Батбаатартай ярилцлаа.
-УИХ-ын 2020 оны сонгууль эхлэхэд цөөн хоног үлдлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн улс төрийн нөхцөл байдлыг товчхон дүгнэвэл ямар дүр зураг буух бол?
-Энэ дөрвөн жил хоосон амлалт, эрх баригчдын сандал суудлын төлөөх тэмцлээр дуусч байх шиг байна. Улс орон урагшаа хөгжсөн үү, дэвжсэн үү гэдгийг иргэн хүний амьдралын чанар сайжирсан эсэхтэй холбон харж болно. Амьдралын чанарын хэмжүүрийг наад зах нь гэрийн хөргөгчинд байгаа хоол хүнс нэмэгдсэн үү, үгүй юу, хадгаламжин дахь мөнгө өссөн үү, хадгаламжтай болж чадсан уу гэдгээс аваад үзэхэд өнгөрсөн дөрвөн жил амьдрал огтхон ч сайжирсангүй.
Хоёр намын бүлэглэлийн “зодоонтой”, хууль хүчний байгууллагыг гар хөлөө болгосон нь хууль эрх зүйн хэм хэмжээ, ёс зүйн хэм хэмжээнээс давсан дөрвөн жил өнгөрлөө. 2016 оны сонгуулиар МАН УИХ-д 65 суудалтай болоод Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийн сан, Газар тариалангийн сан, Сургалтын төрийн сан, Хөгжлийн банк гэх мэт төсөв мөнгө хуваарилах, кноп дарах ажил хийлээ. Ард түмний захиа даалгаврыг биелүүлэх үүргээ гээсэн. УИХ-ын гишүүд кнопоо яаж үнэд хүргэх талаар бодсоноос иргэдээ бодсонгүй.
Надад ямар ашиг унах вэ гэж УИХ дээр кноп дарагддаг болсон нь монгол төрийн эмгэнэл. УИХ-д суудалтай намууд бодлогын хэлэлцүүлэг хийдэг, бодлогын шүүмжлэл өрнүүлдэг, зөв зүйтэй зүйл рүү явах, сайн хууль санаачлах, батлуулах үндсэн үүргээ хаясан. Харин бүлэглэлүүдийн эрх ашгийг шууд ил гүйцэтгэдэг болчихож. УИХ дахь цөөнхийн бүлэг буюу Ардчилсан нам ч сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадсангүй. Одоо хар л даа. АН-ын бүлэг зөвлөл болж, дотроо хуваагдаж намын гишүүд нь намаасаа гарсан, хөөгдсөн дөрвөн жил боллоо.
-Сонгуулийн зурхайгаас улс төрийн намууд ижил, тэгш гарч чадаж байна уу?
-МАН засгийн эрхийг барьж байгаа. Төвийн болон орон нутгийн эрх мэдлийг гартаа 100 хувь барьж, ашиглаж байна. Төрийн эрх мэдэл болон захиргааны эрх мэдлийн сүлжээгээ сайн ашиглана. Бусад намуудад боломж маш тааруу байна. Энэ сонгуульд хүү хаяад хожно гэдэг өрөг өрөгдөөд эхэлчихэв үү дээ гэж харагдаж байна.
Бодит байдал дээр АН, МАН-ын батлах өвөртөлсөн хүн тухайн намын эрхийг барьж буй дарга нарыгаа гэмт хэрэгтэн ч байсан манай нам юм чинь гэж дэмжихээс аргагүйд хүрдэг. Эдийн засаг, эмч, эрдэмтэн, сэхээтэн хүмүүс нам руу орж чадахгүй байна. Аргаа бараад шинээр нам байгуулж байх жишээний. Хэрвээ намуудыг нэг ижил гараанаас гаргачих юм бол хөл бөмбөгийн фанатууд нэгддэг шиг оюун санаа, үзэл санааны туг өргөсөн хэсэг бүлэг нь эсвэл сөрөг хүчний байр сууринаас ханддаг хэсэг нь нэгдэх гэх мэтээр яг жинхэнэ утгаараа үзэл санааны нэгдэл болж чадна.
-УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш МАНАН бүлэглэл гэсэн тодорхойлолт нийтийн ярианы сэдэв болж байна. Одоо бол бүгд л би МАНАН-гийн хүн биш гэж, арьсаа хамгаалж байна. Энэ удаагийн сонгуулиар нийгэм энэ бүлэглэлээсээ салж чадах болов уу?
-2016 оны сонгууль буруу хөл дээрээсээ босно гэгчээр буруу өргөөс эхэлсэн дээ. АН-ын дарга өөртөө таалагддаггүй хэсгээ, МАН-ын дарга М.Энхболд бас таалагддаггүй, үзэл бодол зөрдөг гишүүдээ мөргөлдүүлэх замаар тойргийн хуваарилалтыг явуулсан. Сонгуулийн дүнг урьдчилан харсан зохицуулах журмаар улайм цайм тойргийн хуваарилалтыг ханцуйн дотроо хийсэн.
М.Энхболд 30 хүн, З.Энхболд 30 хүн гаргая гэсэн тооцооллыг сэдсэн гэж тухайн үед яригдаж байсан даа. Тэрэгний гол хийх гэж байгаад чүдэнзний мод болж хувирав гэгчээр ард түмэн тэдний тоглоомыг нураасан. АН өмнө нь засаг барьсан 4 жилийн хугацаанд гэдсэндээ хөлөө жийлцэж, улс төрийн байгууллагынхаа хувьд төр барих чадамжгүй гэдэг ард түмний дүгнэлтээр сонгогчид 2016 онд саналаа өгсөн. Түүнээс биш МАН-ыг сайн, сайхан байна гэж санал өгсөн гэж бодохгүй байна. АН маш муу байсан учраас МАН-д саналаа өгсөн хэрэг. Санаж байгаа бол УИХ-ыг АН-ын дарга даргалж байхдаа төлөөллийн зарчмыг боож, хяхаж гишүүдээ үг хэлүүлэхгүй цоллодог байв. 2016 онд шинэ МАНАН-г бий болгох тэдний хүсэл биелж чадаагүй ч дараагийн МАНАН тоглогч нараа сольсноор өөрчлөгдсөн.
-Монголчууд МАНАН-гаас яаж салах юм бэ. Эрх ашгийг барьсан улстөрчдийн бүлэглэлээсээ яаж салах юм?
-Дараагийн МАНАН үүсэхдээ хонгилынхоо түлхүүрийг хэн барих вэ гэдэг “тулаан” руу орсон. Үнэт зүйлээ гээж, эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдсэн МАНАН Монголын ард түмэнд маш хохиролтой. Ард түмэн үүнтэй огтхон ч эвлэрч болохгүй юм. МАНАН-гийн амьдарч чадаад буй хүчин зүйлийн нэг бол улстөрчдийн хэлдгээр “төмсөгдүүлэх” буюу барьцаанд орохуйц хууль бус үйлдэлтэй хүмүүс аалзны торонд орооцолдож хүссэн ч, эс хүссэн ч тоглоомын дүрмээсээ гарч чаддаггүй юм байна.
МАНАН бүлэглэлийнхэн элдэв барьцаанд ороогүй хэсгийг нийлж байгаад шахаж гаргадаг болчихсон. МАНАН-г арилгахын тулд улс төрийн намын тогтолцоо руу орох ёстой. Улс төрийн намууд нэг ижил дүрэм журамтай байх ёстой. Харин үзэл санаа, мөрийн хөтөлбөр нь өөр байж болно. Нам доторх тоглоомын дүрмийг бүх намууд адилхан мөрддөг ёс зүйн хэмжээг сахих түүнийгээ хууль болгох шаардлагатай. Нэгэнт өнөөгийн улс төрийн намуудын байдлыг үзвээс нэгмөсөн татан буулгаж, улс төрийн боолчлолоос чөлөөлье. Намын тухай хууль, Үндсэн хуульдаа тодорхой өөрчлөлтийг оруулж тогтолцоогоор нь өөрчилж чадвал сая бид урагшаа алхана.
-Сонгогчдод МАН, АН-ыг сонгохоос өөр сонголт байна уу. Бусад улс төрийн нам, эвслүүд төрийн эрх барих боловсон хүчин, бодлогын чадамжийн хувьд бэлэн үү?
-Байлгүй яахав. 100 жилийн түүхтэй МАН, 30 жилийн түүхтэй АН-ыг ард түмэн сонгосон, итгэсэн, дараа нь аль алинд нь итгэл алдарсан. Монголчууд шударга ёс, тэгш зарчмыг эрэлхийлж байна. Оюун санааны үнэт зүйлийг хайж байна. Түүнд дүйцэж чадахуйц, засч чадах хэсэг, нам эвсэл хаана вэ гэж байна. Манай ИЗЗН МАХН, МУНН-тай нэгдэж “Та бидний эвсэл” байгуулж энэ сонгуульд оролцохоор болсон. Албан ёсны сурталчилгаа эхлэхээр намууд, эвсэл, бие даагчид мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан үйл хэрэг үзэл бодлоо танилцуулах байх.
Сонгуулийн сурталчилгааны хугацаа өмнө нь 45 хоног байсан үеэ бодвол 21 хоног болсон нь томсгосон тойрогт, алслагдсан сумдад, гудамж хороодоор мөрийн хөтөлбөрөө танилцуулна гэдэг хугацааны хувьд бага. Сайн тал нь дэлхий нийт хавтгай болсон үед сошиал орчинд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг авах боломж бас байна. Одоо өнөөдрийг хүртэл эрх барьж ирсэн МАНАН бүлэглэлийг бүрдүүлэгчдэд төрийн эрх мэдлийн жолоог атгуулах юм бол цаашид шаардах зүйлгүй, нэхэх эрхгүй болох аюул байна. Төр барих эрхийг хэнд атгуулах вэ гэдэг дээр маш бодолтой зөв сонголтоо хийхэд иргэн бүрийн оролцоо хэрэгтэй.
-Иргэдийн хувьд улс төрийн намуудад итгэх итгэл өмнөхөөсөө ч илүү буурсаар байгаа. Тэд хэнд нь итгэхээ мэдэхээ байчихаад байна. Иргэдийг ингэтэл төөрөгдүүлэх зорилго хэнд, хаана байдаг байх вэ?
-Өнөөдрийн төр барьж байгаа намуудыг хар даа. Ерөнхийлөгч нь өөр намын Ерөнхий сайдтайгаа эвсдэг. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр М.Энхболдоос намыг нь авчихаж байна. Эргээд харахад Н.Алтанхуягаас ялгаагүй Ц.Элбэгдорж, З.Энхболд нийлж намыг нь, засгийг нь авсан биз дээ. Энэ юуг хэлээд байна вэ, яагаад давтагдаад байна вэ гэвэл МАНАН-гийн сүүдэр л явааг харуулна. Улс орны төлөөх эрх ашиг биш, хувийн ашиг сонирхлоо дээр нь тавьчихсан. Бид энэ муухай зүйлийг өөрчилье гэвэл эрүүлээр сэтгэдэг бусад намууд эвсч нэгдэх нь туйлын зөв юм гэж харсан. Одоо байгаа 4 эвсэл, бие даагч нарт “Бүгдээрээ нэг болчихъё, УИХ-д олонхийг бүрдүүлье. Харахад АН, МАН гээд хоёр тусдаа нэртэй нам боловч сүлбэлдсэн МАНАН-г цэвэрлэе. Татан буулгая” гэж хэлж сануулж байсан.
Яг үнэндээ нам дотроо ч нэг нам шиг байж чадахгүй байна. Тиймээс АН, МАН гэдэг хашаанаас ард түмнээ салгаад авья гэж уриалж намуудыг татан буулгаж үзэл бодлын нэгтгэлээс эхлүүлье гэж хэлээд байгаа юм. Өнөөдөр МАН, АН ямар үзэл санаан дор байгаагаа ч ойлгохгүй байна. Н.Энхбаяр даргатай МАХН-тай ИЗЗН, МУНН намууд яагаад эвсэл болчихов гэхээрээ бид ямар өөрчлөлт шинэчлэлийг хийх вэ гэдэг дээр нэгдэн нийлж тохирсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе, ард түмнээ санхүүгийн эрх чөлөөтэй болгоё, одоогийн хамжлагат байдлаас гаргая гэсэн үнэт зүйлс байгаа учраас эвсэл болсон.
-Өнгөрсөн дөрвөн жилд шударга бусын хонгил гэж ярьдаг. Энэ хонгилоор ороогүй хүн бараг улстөрчид тооцогдохгүй болчих гээд байгаа юм биш үү. Энэ хонгилын талаар юу гэж харж байна вэ?
-Хууль хүчний болоод эрх мэдэлтэй хүмүүсийг шударга бус байна гэж үзсэн учраас шударга бусын хонгил гэдэг яриа гарсан байх. Нөгөө талаар улс төрийн өнцгөөс шударга бусын хонгилоор “чирдэг” хандлага бас байх шиг байгаан. Энэ нь гэхдээ хууль бус үйлдлийг шалгах тухай асуудалд огт хамаагүй шүү.
-Улс орны эдийн засаг сайнгүй байна. 2000 оноос хойш болж өнгөрсөн бүх сонгуулийн гол сэдвийн нэгд эдийн засгийг сэргээх гэдэг үг хавчуулагдсан байдаг. Бодит байдал дээр эдийн засаг сэргэх ямар боломж байгаа гэж харж байгаа вэ?
-Монголын 1500 км.кв газар нутгийг хүн амд хуваагаад үзвэл нэг км.кв газарт хоёр монгол хүн ногддог. Бусад улс оронд ийм хэмжээний газарт хэдэн зуун хүн амьдарч байгаа. Үүнийг л харчих. Өргөн уудам нутаг Монголын байгалийн баялаг бол монгол хүнийг хангалттай сайхан амьдруулах бүрэн бололцоотой. Дэлхийн судалгааны байгууллага, Монголын эрдэс баялгийн нөөцийг баталгаажуулдаг Эрдэс баялгийн зөвлөлийн гаргасан мэдээлллээр Монголд зөвхөн илэрсэн байгаа баялагийг нэгтгээд дүгнэхэд нэг хүнд 900 мянган ам.доллар буюу сая ам.доллар ногдох тоо гарч байна.
Зах зээлд нэг хүн хайрга гаргаад зарсан ч Монголд сайхан амьдрах боломж бий. Зөвхөн энэ тооноос үзэхэд бүх боломж байна. Харин энэ боломж хаана хулгайлагдаж байна вэ гэвэл төрийн эрх мэдэл дээр байгаа хүмүүст л хулгайлагдаж байна. Улстөрч хүн эрх ашгаа эрэмблээгүй нь нийт улс орныг ямар хорлонтой байдалд оруулдгийг нь хар.
-Улс төрд хөл тавьсан хэн ч УИХ-ын сонгуульд ялсан намын дарга байхын төлөө зүтгэдэг байж магадгүй. Амбиц бол хязгааргүй шүү дээ. Энэ албан тушаалыг хаших хүн ер нь юуг анхаарч, ажлаа хамгийн түрүүнд юунаас эхлэх ёстой гэж боддог вэ?
-Төрийн захиргаа төрийн шат шатны шийдвэрүүд богино хугацаанд гардаг, бүх мэдээлэл нь нээлттэй байх ажлаас эхлүүлэх хэрэгтэй. Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль эн түрүүнд хэрэгтэй. Мэдээллийн эрх чөлөө гэдэг нь хувь хүн хүссэн мэдээллээ, төрийн шийдвэр тогтоомж, бизнес эрхлэх боломжийг төр засгаас хүссэн үедээ шууд авдаг байх ёстой. Хүн мэдээлэлтэй, тэгш оролцох боломж байхад юу хийхээ төлөвлөж чаддаг. Гэрэлтэй гудамжаар явж байна уу гэрэлгүй гудамжаар явж байна уу гэдгээ мэдэх нь бизнесийн алтан дүрэм. Иргэдэд амьдралаа босгох, ажил хийх, бизнест тэгш эрхтэйгээр хүн бүрийг оролцуулах эрхийг нээ. Мэдэх эрх одоог ч хүртэл хаалттай байна. Монголчуудад хэрэгтэй дараагийн гараа бол Газар өмчлөлийн тухай хуулийг амь оруулж газрыг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх суурь болгох хэрэгтэй. Би 2008 оноос хойш намын мөрийн хөтөлбөрт саналаа дандаа оруулж ирсэн. Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс ирээдүйгээ сонголтоо худалддаггүй. Өөрт байгаа үнэ цэнэтэй үнэт зүйлсээ зарж арилждаггүй юм. Хуримтлалтай болдог юм.
-Маш олон сонгуулийн турш яригдсан нэг сэдэв бол сонгогчдын боловсрол. Гэтэл яг амьдрал дээр сонгогчид боловсрол олж авсангүй. Яригч этгээдүүд ч энийгээ ойлгуулж дөнгөсөнгүй. Үнэнийг хэлэх хүсэл бараг байгаа ч үгүй болов уу. Уг нь тэд амьдралтай хөл нийлэхгүй сонгогчдын боловсрол ярьж байхаар иргэдэд нэр дэвшигчдээсээ “Уучлаарай Та ард түмний амьдралыг яаж дээшлүүлж чадах юм. Би талхныхаа мөнгийг мөрөөрөө ажил хийгээд олж авах баталгааг өгч чадах уу. Чамайг сонговол ирэх 4 жилд миний амьдрал яаж сайжрах юм, арга зам нь юу юм гэж ам асуух чадамжийг суулгачсан нь дээр байсан юм. Тэгээд энэ хэмжүүрт нийцэж байгаад нь саналаа өг шулуухан хэлээд өгчих байсан юм шиг. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж буй улстөрчдөөс иргэд юуг асуугаасай гэж бодож байна?
-Нэр дэвшигчид сонгогч нарын өмнө гарч ирээд ил мэтгэлц. Тухайлбал, Архангай аймагт нэр дэвшиж буй бүх нэр дэвшигчдийг нэг дор шууд мэтгэлцээнд оруулахыг шаардах хэрэгтэй. Корона цар тахлын үед шууд мэтгэлцээн харин ч бүр зохистой.
Мөрийн хөтөлбөрөө сурталчлах 21 хоногийн хугацаанд 30 телевизээр 21 аймаг, 9 дүүргийн тойргийн нэр дэвшигчид нэгэн зэрэг суугаад иргэдэд асуултаа асуух эрхийг нь олго л доо. Нэр дэвшигчид Үндсэн хууль, төрийн эрх мэдэл, тойрог дээр хийх ажил гэх мэт тодорхой сэдвийн хүрээнд хэн юу гэж хариулж байгаагаас өнгийг нь олоод харчихна. Харин ч ингэж чадвал элдэв тараадаг зүйлс ч байхгүй болно. Улс орны Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, ирээдүйн баталгааны талаар энэ хүн ингэж боддог юм байна, ийм бодлогоор ингэж өөрчлөх гээд байна гэдгийг халз мэтгэлцээнээс сонгогчид ойлгож авна.
Энэ сонгуулийн хувьд мэдээж маш олон “мундаг” гэж боддог хүмүүс дэвшинэ байх. Бидний амьдралыг өөд татах уу үгүй юу, эдийн засгийн бодит орлогыг дээшлүүлэх бодитой эсэхэд анхаарах хэрэгтэй болов уу. Ер нь намын мөрийн хөтөлбөр гэдэг тоо, хэмжээс, чанарт хэмжигдэх болохоос биш “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр шиг 80, 90 хувийн биелэлттэй гэсэн хоосон тоо бичээд сууж болохгүй.
Н.ЦЭНДБАТ
1 comment
хулгайч хулгайчаа бариад ав гээд л сонгуульд дэвшээд бдаг…угтаа бол чи ч өөрөө бас хулиас ангид байж хулгай хийх гээд яваа биздээ