Үндэсний аудитын газар нь бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж зарим дүгнэлтүүдийг гаргалаа.
Нийт 208 иргэнээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн 121 мөрийн хөтөлбөрт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу дүгнэлт гаргаад байна.
Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17. дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 38.11-д заасан зохицуулалтын дагуу холбогдох дүгнэлт гаргана.
Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлнэ хэмээн мэдээлжээ.
Сонгуулийн тухай хуулиас…
38.5.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна.
38.9.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.
38.11.Төрийн аудитын дээд байгууллага нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 33-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын газар нь бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг хянасан бөгөөд 121-т нь зөрчлийг арилгуулахаар дүгнэлтийг хүргүүлжээ.
Н.БАТАА