Төрөл бүрийн сөрөг агуулгатай мэдээллийг илрүүлж, устгах хүнд хэцүү ажлыг гүйцэтгэх явцад сэтгэл зүйн хямралд орсон контент хянагчдад нийт $52 саяын нөхөн төлбөр олгуулах шүүхийн шийдвэрийг Фэйсбүүк компани хүлээн зөвшөөрсөн талаар The Verge мэдээллээ.
Тус компанид ажиллаж байх хугацаандаа үзсэн, харсан зүйлээсээ болж сэтгэл санааны хохирол амссан ажилтан бүр хамгийн багадаа $1,000 орчмын нөхөн төлбөр авахаар болсон байна. Оношоосоо хамаараад дээд тал нь $6,000-ыг авах боломжтой гэнэ. Үүнээс гадна Фэйсбүүк компани контент хянах ажил гүйцэтгэдэг хүмүүсийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах үүрэг хүлээжээ.
Тус компанид контент хянагчаар ажиллаж байсан Селена Скола гэх эмэгтэй ажлын байрандаа өдөр бүр аллага, хүчин, амиа хорлолтын дүрснүүдийг хардаг байсан бөгөөд үүнээс болж PTSD (post traumatic stress disorder) буюу “Гэмтлийн дараах стрессийн эмгэг гэгддэг” сэтгэцийн эмгэг өвчтэй болсон байжээ.
Ийм эмгэгтэй болж байгаа хүн шөнө унтаж чадахгүй, сэтгэл зүйн хувьд тайван бус болдог байна. Жижиг асуудал дээр ч бухимдаж, уурладаг, мэдрэмтгий болж, өөрийн болон дэлхий дахины талаар муугаар бодох гэх мэт шинжүүд илэрдэг аж.
Селена ердөө есөн сар ажилласны дараа эмгэгтэй болсон байна. Үүний дараа Фэйсбүүкт ажиллаж байхдаа сэтгэл санааны зовлонтой болсон олон хүн нэмэгджээ. Сэтгэл санааны хямралд орсон нь эмчийн дүгнэлтээр батлагдсан нийт 11,250 ажилтан нөхөн олговор авахаар болсон байна.
Б.ИРЭЭДҮЙ