[starbox]
1921 онд Монголд өрнөсөн Ардын хувьсгалд Оросын улаан арми нисэх 29 дүгээр отрядаа илгээж, Д.Сүхбаатараар удирдуулсан Монгол ардын цэрэг Нийслэл хүрээ ба Дайчин вангийн хүрээ зэрэг хошуудын дээгүүр “Одоо манай Ардын намын газраас муу хулгай нарыг хянан үзэхээр онгоц нисгэх тул энэ тухай үзсэн хүн бүхэн түүнээс айж цочиж үл болох явдлыг мэдэгдэе” гэсэн ухуулга тарааж байсан мэдээ түүхийн хуудаст үлджээ. Тал нутгийн зарим нэг аймаг, хошуу ийн нисдэг тэрэгний талаар битүү бөглүү ойлголт анх авсан байна.
Гадна дотныхны нүдийг хужирлах онцгой содон юм үгүй, Буддын шашны, цөөн тооны гандан хийдээс өөр ганган чамин байгууламжгүй, нүүдэлчдийн эсгий гэрээс бүтсэн Нийслэл хүрээний Консулын дэнжид 1925 оны тавдугаар сарын 25-нд Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин даргатай нисэх баг буужээ.
Тэд ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэж буй, зургаан хүний суудалтай, тээврийн Ю-13 онгоцыг хүргэж ирсэн аж. Энэ цаг хугацаа Монгол Улсад Нисэх хүчин үүсч, хөгжсөн түүхт өдрийг зааж үлдсэн билээ. Хүрээний дээгүүр, урд хожид үзэгдээгүй, үлгэрт л гардаг төмөр шувуу их дуу гарган, газарт сүүдрээ тусган доошилсоор буухад хүн зоны хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хүрцгээсэн гэдэг.
Төмөр шувуунаас хачин содон үнэр ханхийж, дотроос нь амьд хүн буухыг үзсэн хүрээнийхэн гайхан шагширч байжээ. Холын аяныг агт морь, атан тэмээгээр төсөөлдөг нүүдэлчдийн хувьд энэ нь гоц гойд, содон чамин хэрэг ээ. Зарим нь уг онгоцыг тал нутгийнхны дунд зуу, зуун жил яригдсан “үлгэр домгийн үүлэн бор морь” хэмээн бэлэгшээж байсан гэдэг.
Үүнээс хэд хоногийн дараа Зөвлөлтийн “Добролет” агаарын флотын зургаан онгоц нийслэл хүрээнд газардлаа. Энэ бол Оросоос Алс Дорнодыг чиглэн Европ-Азийг холбосон анхны агаарын зам нээх үүрэг хүлээсэн Зөвлөлтийн Нисэх хүчний Улс төрийн зөвлөлийн дарга И.П.Шмидтийн удирдсан АК-1, Ю-13 зэрэг загварын онгоц хөлөглөсөн нисэх баг байв. Европ-Азийг чиглэсэн анхны агаарын зам нээх төлөвлөгөөг Оросууд 1914 оны хавар гаргасан бөгөөд 1925 оны хавар хүртэл аль ч улс орон Алс Дорнодыг чиглэсэн нислэг үйлдээгүй байжээ.
И.П.Шмидтийн удирдсан багийн маршут, километр, агаарын хөлгийн тоо, оролцсон онгоцны төрөл өмнөх олон улсын нислэгүүдийн дэргэд анхдагч байсан тул олон улс анхааралтай ажиглаж байв. Нисэх баг Уралын нуруу, Байгаль нуураар дамжин Нийслэл хүрээнд хоёр хонож, багийнхан сүм хийдийн газраар саатан, Монголын их говиор дамжин Хаалган хүрч цаашлаад Бээжин-Токиог зорьсон байдаг.
“Агуу их нислэг” хэмээн түүхэнд нэрлэгдсэн И.П.Шмидтийн удирдсан энэ багт багтсан нисгэгч М.А.Волковойнов хожим Монголын нийслэлийн талаар “…Хотын захад байрлах чимээгүй хотод тавигдсан хүний сэг, араг яс нь олон зуун жилийн турш хуримтлагдан хүрээг бүслэн цагираг болсон байв. Тэнд харсан хүний ясан уулын хажууд Верешагины “Дайны оргил цэг” зураг юу ч биш” хэмээн дурссан байдаг.
Тухайн цагт М.А.Волковойнов Нийслэл хүрээг ийн зураглаж байсан бол Ардын засагт мал аж ахуйгаас өөр хөгжсөн салбаргүй, буурай улс орныг өөрчлөх, аж үйлдвэр болон бусад салбарыг хөгжүүлэх, ЗХУ-аас сая бэлгэнд аваад удаагүй төмөр шувууг эзэмших, дэлхий нийтийг соронзон шиг татаж буй, хүн төрөлхтний мөрөөдлийн биелэл, ХХ зууны гайхамшигт ололт болох нисэх онгоцны салбарт үндэсний мэргэжилтэнтэй болох шаардлага тулгарч байв.
Тиймээс 1925 онд ЗХУ-аас бэлэглэсэн Ю-13 онгоцыг хүлээн авахад зориулж Консулын дэнжид бэлтгэсэн аэродромыг түшиглэн Монгол ардын хувьсгалт цэргийн газар Нисэх ангийн дэргэд Нисэх онгоцны бага мэргэжилтэн бэлтгэх курс байгуулан үндэсний мэргэжилтнээ өлгийдөх ажлыг эхэлсэн түүхтэй. Тийм ээ, энэ 2017 онд Нисэх хүчин 92, Иргэний нисэхийн салбар 60 насныхаа түүхт ойтой золгож байна.
Тэнгэрийн хотын од номоос …