Өнөөдөр буюу жил бүрийн тавдугаар сарын 12-нд “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. ДЭМБ-ын 72 дугаар чуулганаар 2020 оныг сувилагч, эх баригчийн жил болгон зарлажээ. Дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 43.5 сая хүн ажиллаж байгаагийн 50 орчим хувь нь буюу 20.7 сая нь сувилагч, эх баригчид байдаг юм байна. Мөн ДЭМБ-ын гишүүн орнуудын 50 хувь нь мянган хүн амд ногдох сувилагч эх баригчийн тоо гурав хүрэхгүй, 25 хувь нь нэг хүрэхгүй гэсэн статистик бий.
Монгол Улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон байна. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчилах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг.
Өнөөдөр Монгол Улсад 11 мянга орчим хүн сувилагч мэргэжил эзэмшсэн байна. Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сувилагчийн үндсэн цалин нь 350-520 мянган төгрөг байна. Үүнээс үүдэн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд цаг наргүй хүчин зүтгэж буй сувилагчдад ажлын ачаалал их, цалин бага, зав муутай ажилладагаас шалтгаалан мэргэжлээ дээшлүүлэх, өсөж дэвжих боломж байдаггүй гээд тулгамдаж буй асуудал олон бий. Тухайлбал, олон улсад эмнэлгийн сувилагч 4-5 хүнд үйлчилдэг бол манай оронд 10-аас дээш өвчтөнд үйлчилж, сувилдаг аж. Гэтэл Монголд нэг сувилагчид оногдох үйлчлүүлэгчийн тоо их байдаг.
Ташрамд сонирхуулахад, Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Тэрбээр, 1850-аад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гавьяатан билээ.
М.Баяр