Дэлхийн глютен агуулаагүй бүтээгдэхүүний зах зээлийн хэмжээ 2019 онд 7 тэрбум ам.долларт ойртжээ. Мөн хэдхэн сарын өмнө шинжээчид тус зах зээлийг 2025 он гэхэд одоогийнхоос бараг хоёр дахин өснө гэж тооцоолж байв.
Гэхдээ энэ таамаглал биелэхгүй л болов уу. Коронавирусийн цар тахал, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал нь хүмүүсийг үндэслэлгүйгээр айлгах дээр тулгуурласан зах зээлийг үгүйрүүлж мэдэх юм. Ажлаа, орлогоо алдсан хүмүүс энгийн талх, гоймон, гурилаас 2-3 дахин үнэтэй ийм бүтээгдэхүүнд мөнгө төлөх нь юу л бол.
Глютен агуулаагүй дэглэм бол зөв хооллолтын салбарын бас нэгэн гол урсгал юм. Энэ уураг (талх, гурил, зарим төрлийн будаа, гоймон, амттан) агуулсан хүнснээс эрүүл мэнддээ анхаарда хүмүүс татгалзах нь сүүлийн жилүүдэд улам нэмэгдсэн. Үүний ачаар глютен агуулаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч борооны дараах мөөг шиг олширсон.
Глютен агуулаагүй ийм хүнсийг анх төрөлхийн глютен шингээх чадваргүй хүмүүст зориулан бүтээсэн юм. “Глютений харшилтай хүмүүс манай гарагийн хүн амын 1%-ийг эзэлдэг. Мөн глютенийг маш муу шингээдэг цөөн тооны хүмүүс байдаг нь гэдэсний бичил орчин нь халдагдсан өвчтөнүүд юм” гэж ФИНАМ-ын шинжээч Алексей Коренев мэдэгджээ.
Тэдэнд зориулан Америкт 2000-аад оны эхнээс глютен агуулаагүй хүнс бүтээж эхэлсэн байна. 2005 онд тус улсын зах зээл дээх анх гарч эхэлсэн бүтээдэгдэхүүнүүдийн дунд 2%-д нь л “Глютенгүй” гэсэн тэмдэглэгээ гарч иржээ. Гэхдээ энэ зах зээл дэлхийн хүн амын зөвхөн 1%-д төвлөрөх зорилго тавьсангүй. Тиймээс “глютен фри” үйлдвэрлэгчид хүмүүсийг “аюултай бодис”-оор айлгах маркетингийн ажиллагаа амжилттай явуулж эхэлжээ.
Тэр бүр “глютен шингээх чадваргүй” гэх шинэ өвчин хүртэл бодож болжээ. Глютенгүй дэглэмийг Америк хөлбөмбөгийн од Дрю Бриз, дугуйчин Том Дэниэлсон нарын тамирчид сурталчилж эхлэв. Энэ хоёр тамирчин глютенээс татгалзсанаар гайхалтай үр дүнд хүрсэн гэж баталцгааж байлаа. Глютенгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хөлсөлсөн эмч, хоол судлаачид глютен бол таргалалт, чихрийн шижин, хоол боловсруулах замын эмгэг, үений үрэвсэл, харшилд хүргэдэг гэсэн нийтлэл, ном хүртэл бичиж байлаа. Үр дүнд нь 2006-2010 оны хооронд глютен агуулаагүй хүнс АНУ-д жилд 30%-иар өссөн байна. Дараа нь америкчууд глютенээс айдгаа дэлхий даяар халдварлуулж эхлэв.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Америкийн глютенгүй бүтээгдэхүүн 52%-ийг дангаараа эзэлж байхад Европт 35%, Ази-Номхон далайн бүсэд 8%-ийг эзэлж байна. Үлдсэн хэсэг нь дөнгөж 5%-ийг эзэлж байна.
Суртал ухуулгад тэрбум тэрбумыг
Өнөөдөр хүмүүсийн 63 орчим хувь нь хоол хүнснээсээ глютенээ хасвал эрүүл мэндийн байдал дээрдэнэ гэж үздэг. Эндээс харахад сурталчилгаа хэр сайн явагдсан бэ гэдэг нь харагдана. Үнэн хэрэгтээ хэрвээ та цекалиягаар өвчлөөгүй, хүн амын 1%-д нь харьяалагддаггүй л бол глютенийг хоол хүнснээсээ хасах нь ямар ч ач холбогдолгүй, глютен ямар ч муу үр нөлөө үзүүлдэггүй гэсэн үг. Зарим үйлдвэрлэгчид гурвалжин будаа, алим, байцайндаа хүртэл глютен агуулаагүй гэж зарладаг. Угаасаа ч эдгээр хүнсэнд байх боломжгүй юм. Энэ бол сайн сайхны төлөө гэхээсээ илүү маркетингийн алхам гэж Коренев мэдэгджээ.
Safefood компанийн явуулсан судалгаагаар хэрвээ тухайн хүн глютенд мэдрэг л биш бол глютен агуулаагүй хоол хүнс хүний эрүүл мэндийг сайжруулна гэсэн ямар ч үнэмшилтэй нотолгоо байхгүй гэж гарчээ.
Глютен гэдэг бол үр тарианы ургамал, тухайлбал, улаан буудай, хөх тариа, арвайнд агуулагддаг уургийн нэг бүлэг юм. Энгийнээр хэлбэл цавуулаг нь гэсэн үг. Зарим үйлдвэрлэгчид глютенийг хүнсний тусгай төрлүүдэд нэмдэг. Учир нь энэ нь хүнсний амт, тэжээллэг чанарыг муутгалгүйгээр түүхий эдийн хэмнэлт гаргахад тусалдаг байна.
Италийн целиакия өвчний мэргэжилтэн Антонио Сабатини, Жино Роберто Корацца нар целиакиягаар өвчлөөгүй хүмүүст глютений мэдрэг байдлыг оношлох боломжгүй, өөрөөр хэлбэл глютен ийм ховор төрлийн өвчинд өртөөгүй хүмүүст ямар ч хортой, эсвэл ашигтай нөлөө үзүүлдэггүй болохыг тогтоожээ.
Харин глютен ихэнх хүнд хортой гэж үнэмшүүлэх нь глютен агуулаагүй гэх, ашигтай эсэх нь ч эргэлзээтэй жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнээ эрэлттэй байлгахад хэрэгтэй.
Хүнсний бүтээгдэхүүний судалгаагаар мэргэшсэн Packaged Facts компани 2015 онд л глютен агуулаагүй бүтээгдэхүүний худалдаа АНУ 2019 онд л гэхэд 2 тэрбум ам.долларыг давна гэж тооцоолж байлаа. Гэтэл бодит үр дүн нь тооцоолж байснаас ч давсан байна. Research and Markets Судалгаандаа 2019 онд глютенгүй бүтээгдэхүүнийзах зээлд АНУ-д 3 тэрбум ам.долларыг давж, 2025 он гэхэд 6 тэрбумд хүрнэ гэжээ. Глютенгүй бүтээгдэхүүн өдгөө талх, нарийн боовны зах зээлийн хамгийн эрэлттэй ангилалд орсон гэж зах зээлийн шинжээчид мэдээлж байна.
Зах зээл нь удахгүй хумигдана
Гэхдээ Олон улсын хэрэглэгчдийн нийгэмлэгүүдийн холбооны удирдлагын хэлтсийн дарга Дмитрий Янин коронавирусийн цар тахал дууссаны дараа эрүүл хооллолтын сонирхол хойш тавигдана гэж үзэж байна. Хүмүүс хэмнэлт гаргаж, эргэлзээтэй ашигтай зүйлд илүү мөнгө үрэхийг хүсэхээ болино. Тиймээс энэ зах зээл коронавирусийн “торнадо”-гийн дараа удаан үлдэж чадах нь эргэлзээтэй юм.