2020-05-12 15:551min01

ҮАБЗ-ийн гишүүн асан хүмүүсийг нэг л жил төрийн хамгаалалтад байлгах санал гаргалаа

viber_image_2019-07-11_01-40-40

УИХ-ын өнөөдөр хуралдах Байнгын хороодын хэлэлцэх асуудлын дараалалд бусад хэмээх нэг асуудал багтаасан байсан нь ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг төрийн тусгай хамгаалалтад байлгах хугацааг өөрчлөх тухай асуудал байжээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг албан тушаалаасаа бууснаас нь хойш дараагийн бүрэн эрхийн хугацаа дуустал буюу дөрвөн жил төрийн тусгай хамгаалалтад байлгадаг. Энэ хугацааг богиносгож нэг жил болгох саналаа УИХ-аар хэлэлцүүлж байна.

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа П.Батаа “Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг төрийн тусгай хамгаалалтад байлгах хугацааг өөрчлөхөөр бид санал оруулж ирж байгаа юм.

Энэ саналын үндэслэл нь хамгаалалтад байгаа хүмүүсийн хамгаалалтын хугацааг тэнцвэртэй байлгах зорилготой. Энэ албан тушаалыг нэг жил хашсан, зургаан сар хашсан хүмүүс ялгаагүй бүгдийг нь дөрвөн жил төрийн тусгай хамгаалалтад авдаг зохицуулалт байгаа юм. Энэ нь хэр оновчтой шийдэл вэ гэдгийг Засгийн газрын түвшинд зөвлөлдөж байгаад оруулж ирсэн.

Хэрэв нэг жил болсон тохиолдолд тухай бүрт нь эрсдэлийн үнэлгээ хийгээд, эсвэл тухайн хүний хүсэлтийн дагуу хамгаалалтын хугацааг нь сунгах асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэх боломжтой. Энэ зохицуулалт нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд байдаг” гэлээ.

Харин энэ саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Ийм байж болохгүй. Тагнуулын ерөнхий газраас тусдаа Төрийн тусгай хамгаалалтын газар гэж Засгийн газрын тохируулагч агентлаг болж та нарын эрх үүрэг чинь нэмэгдэж байгаа. Гэтэл хамгаалах объектуудаа багасгаад ачааллаа бууруулна гэж болохгүй.

Энэ чинь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан бие хүмүүсийг хамгаалах тухай асуудал биш. Тэр хүмүүс чинь улсын онц чухал, нууц мэдээллүүдийг хадгалж, хамгаалж байгаа. Та нар төрийн мэдээллийг хамгаалж байгаа юм. Энэ бол тухайн бие хүнийг ганцхан жил хамгаалаад орхичихож болохгүй. Цаана нь төрийн нууцыг хамгаалах асуудал танай байгууллагын чиг үүрэг дотор байх ёстой. Тиймээс нэг жил болгоно гэдэг буруу” гэв.

 

83Sh