Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Орчуулагчид уншигчдаар даажигнасаар байна – updown.mn

Орчуулагчид уншигчдаар даажигнасаар байна

Б.УЯНГА “ӨНӨӨДӨР” СОНИН

Дэлхийгээс суралцаж, мэдэж, уншиж, хөгжих нэг суваг нь орчуулгын ном. Мэргэжил, салбар бүрийн, амжилтын, хувь хүний хөгжлийн, хүүхдийн, уран зохиолын, түүхийн, шашны зэрэг төрлийн номыг монгол хэлнээ хөрвүүлж, ард түмнээ соён гэгээрүүлэх нь орчуулагчдын үүрэг бөгөөд мэргэжлийнх нь үнэ цэн.

Монгол Улсад энэүүрэг, үнэ цэнээ ухамсарлаж, ертөнцийн соёлыг нэвтрүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, оруулж буй Б.Ренчин, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Ц.Гомбосүрэн, Г.Аким, Ж.Нэргүй, Н.Ганбат, Х.Мэргэн, Д.Болдбаатар, Б.Баясгалан, Б.Хатантөмөр зэрэг орчуулагч бий. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр зөв бичгийн дүрмийн болон найруулгын, бүр зарим тохиолдолд утгын ч алдаатай ном уншигчдад хүрсээр. Уншигчдыг гонсойлгож, тэдний оюун санаа, цаг хугацаагаар “нааддаг” чанаргүй ном хаана бий болдог вэ.

Фэйсбүүк дэх орчуулагч нарын группт саяхан мөнгө олохын төлөө гадаад номуудыг орчуулсан болоод хэвлүүлдэг асуудлыг хөндөж, англи, монгол хэл дээрх утгын зөрүүтэй орчуулгуудыг жишээ болгон “Матар”-т тавьсан. “Англи эхийг нь үзэхээр арай л өөр утга илэрхийлсэн байх юм. Монгол хувилбарынх нь утга ойролцоо, харин нэршил нь огт оноогүй. Ийм ном уншихаар хүнд “далиу” ойлголт л үлдэнэ” хэмээн нэгэн иргэн санал бодлоо илэрхийлсэн байлаа.

Мөн “Манайд орчуулгын шүүмж хөгжөөгүй, хэвлэлийн компанийнхан номын чанарт бус, ашиг ахиу олоход анхаардаг, чанаргүй бүтээгдэхүүн зах зээлийн жамаар буюу уншигчдын эрэлт буурахад аяндаа хэрэггүй болно, гэхдээ үүнд цаг хугацаа орно, чадварлаг орчуулагч нар нэгдэж хянах тогтолцоо үүсгэх хэрэгтэй” гэх зэргээр бусад нь ч байр сууриа нэгтгэсэн юм.

Орчуулгын номыг хэзээ ч сайн гэж үнэлдэггүй тухай судлаачид хэлсэн. Түүнээс ч сайн хувилбар гарах магадлалтай учраас тэр аж. Харин мууг нь хэлж, шүүмжилж, илүү сайн хувилбарыг нь хэвлүүлэхийн төлөө иргэд, орчуулагчид, боловсролын салбарынхан ажиллах, дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Уншигчид, улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудын боловсролын төлөө дотоодын төдийгүй, чанаргүй орчуулгын номуудын асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулалтад оруулах нь зүйн хэрэг.

Зөв утга найруулгатай, алдаагүй, цэгцтэй ойлголт өгдөг номыг уншиж гэмээнэ тухайн хүний сэтгэхүй хөгждөг. Түүнээс биш алдаатай, буруу найруулгатай ном уншвал хөгжих бус, харин ч оюун ухаан, сэтгэхүйд нь муугаар нөлөөлөх нь дамжиггүй. Алдаатай бичсэнийг хараад “Ингэж хэлдэг л юм байна” гэх ойлголт төрнө. Шинэ зүйл мэдэхээс илүүтэй, өөрийн оюун санаан дахь мэдлэгээ төөрөлдүүлэхэд хүргэж болзошгүй. Буруу бичсэн үгс тэр чигээрээ хараанд “тогтоно”.

Хараа зүйд тулгуурласан сургалтын хэв маяг өдгөө дэлхий нийтээр хөгжиж буй. Энэ нь тухайн хүнд тайлбарлахгүйгээр, зөвхөн харуулж, ажиглуулж сургадаг арга. Тэгэхээр муу орчуулгатай ном уншвал буруу найруулга, хэв маягт л суралцана гэсэн үг. Нөгөөтээгүүр, уншигчдын хөрөнгө мөнгө, цаг хугацааг дэмий үрж, сэтгэл санаагаар унагах сөрөг нөлөөтэй.

Хятад хэлний орчуулагч М “Чанаргүй орчуулгын асуудал хэвлэлийн компаниудаас үүдэлтэй. Сайн, чадварлаг орчуулагчдын бүтээлүүдийг хэвлэлийнхэн хүлээж авдаггүй. Зарим нь сайн орчуулагчтай хамтран ажилладаг. Гэхдээ ихэнх тохиолдолд ашгаа бодож, хамгийн хямд үнэ хэлсэн хүмүүсээр л ном орчуулуулж хэвлэж байна.

Орчуулга алдаатай болдог нь номыг олон хүнд өгч, хуудас хуудсаар нь хувааж гүйцэтгүүлдгээс эхтэй. Редактор утгыг нь өөрчилж, үгийн алдааг нь хянадаггүй. Ингэхээр зохиолын баатар, газар, усны нэр унших явцад өөрчлөгдөж, утга нь зөрүүтэй болчихдог” гэсэн юм. Тэрбээр орчуулга дахь энэ мэт асуудлыг шийдвэрлүүлэхээр дорвитой ажил төлөвлөж буй бөгөөд энэ талаараа мэдээлэхийг хүссэнгүй. Учир нь хөндлөнгөөс хэн нэгэн нөлөөлж, ажлыг нь бусниулж болзошгүй гэнэ.

Чанартай орчуулгын бүтээл гаргахад саад болдог бас нэг жишээг дурдъя. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Хятадын алдарт зохиолч Зян Руний “Чонон сүлд” романыг орчуулагч Д.Болдбаатар “Адмон” компанитай гэрээ байгуулан орчуулж өгсөн. Монголд анх удаа нэг сая шахам хувь хэвлэж, уншигчдын талархлыг хүлээсэн энэ номын орчуулгын хөлсөнд багахан мөнгө өгч, хоёр талын хооронд маргаан үүсэж байжээ.

Үүнээс хойш Д.Болдбаатар хэвлэлийн компаниудтай хамтарч ажиллаагүй. Өөрөө энэ чиглэлийн компани байгуулж, өдгөө орчуулгын бүтээлүүдээрээ олон нийттэй уулзаж байна. Орчуулагчдын хөлс, хүч, хөдөлмөрийг түвшинд нь үнэлдэггүй учир хэвлэлийнхэнтэй хамтарч ажилладаг сайн орчуулагч цөөрснийг хэлэх хүн олон.

Гадаад хэлнээс монгол руу орчуулж, ном хэвлүүлэх нь ийм хүндрэлтэй тул монголоос гадаад хэлнээ орчуулахыг ч эрмэлзэх болсон гэнэ. Тухайлбал, орчуулагч М хүүхдийн зурагт номыг хятад хэлнээ хөрвүүлж, 100 мянган хувь хэвлүүлэхээр БНХАУ-ын компанитай гэрээ байгуулжээ.

Гадаадын зохиолчид ном орчуулах эрхийг хэвлэлийн компаниудад түлхүү олгодог аж. Түүнчлэн эрхийг нь худалдаж авах өртөг өндөр учир орчуулагчид хувиараа авах боломжгүй. Тиймээс хэвлэлийн компаниудыг “царайчилж” суудгаа хэлсэн. Өнөөдөр зах зээл дээрх орчуулгын номуудын 80 орчим хувь нь хэвлэлийн компанийн “эзэмшлийнх” юм байна.

Ном гаргах, орчуулах нь нэг талаар бизнес. Олон улсад, тухайлбал, БНХАУ, Япон, БНСУ энэ төрлийн харилцааг зохицуулж, чанартай ном л хэвлүүлэх тогтолцоо бүрдүүлсэн байдаг аж. Тодруулбал, хэвлэлийн компаниуд нь бестселлер болж буй, мөн Нобелийн шагналт эрдэмтдийн зохиолын нэг хэсгийг 20-30 хүнээр орчуулуулан шалгаж, хамгийн байж болохуйц хувилбарыг нь өндөр үнээр худалдаж авдаг юм байна.

Түүгээр ч зогсохгүй шалгаруулалтад оролцсон 20-30 хүний орчуулгын хөлсийг ч олгодог. Орчуулагч М эл маягаар 26 хүнтэй өрсөлдөж, ном орчуулах ажилд шалгарч чаджээ. Зарим улсын хэвлэлийн компани шалгуулагчдын орчуулгыг тодорхой бүлэг уншигчдаар үнэлүүлж, өндөр оноо авсныг нь худалдаж авдаг гэнэ. Орчуулгын хөлснөөс гадна номын борлуулалтын ашгийн нэг, дахин хэвлэгдсэн тохиолдолд 2-5 хувь хүртэлх мөнгийг орчуулагчид олгодог аж.

Ийнхүү зохиолч, орчуулагч, хэвлэлийн компани нь эрх, үүргээ ухамсарлан, аль алиндаа ашигтай ажилладаг юм байна. Манайд ийм тогтолцоо байдаггүйгээс өдгөө орчуулгын чанаргүй бүтээл хэвлэх, гадаадын бестселлер зохиолын орчуулах эрхийг монополь компани нь авах зэрэг асуудал үүссээр буй ажээ.

Монголд хоёр жилийн өмнөөс орчуулсан номоо хэвлүүлэхгүйгээр цахим сайтад унших, сонсох хэлбэрээр байршуулах боломж бүрдсэн. Тодруулбал, “М+”, “Esan” зэрэг цахим хуудсанд ном байршуулан, борлуулдаг болсон юм байна. Гэвч ард олны боловсролд чухал үүрэгтэй орчуулгын бүтээлийг чанартай болгоход анхаарч, төрөөс тусгай бодлогоор зохицуулах ёстойг орчуулагчид хэллээ.

Тухайлбал, орчуулагч Н.Ганбат “Өнгөрсөн түүх бус, дэлхийн орчин үеийн уран зохиолын номуудыг монгол хэлнээ хөрвүүлж, нийгмээ буюу иргэдийнхээ боловсролд анхаарах нь зүйтэй. Ингэхийн тулд боловсрол хариуцсан яам үүнийг зохион байгуулах ажилд хөрөнгө төсөвлөх, эсвэл тусгай сан байгуулж, гадаадын бестселлер номуудыг орчуулуулан зах зээлд гаргах нь зөв. Гэхдээ олон улсын жишгээр аль сайныг нь хэвлүүлэх юм. Ингэж гэмээнэ дэлхийн шилдэг бүтээлийг, сайн орчуулж, ард олондоо хүргэж чадна.

Нөгөөтээгүүр, Нобелийн шагнал хүртсэн эрдэмтдийн ном, мөн гадаадын бестселлер болж буй бүтээлүүдийг тэр бүр манайд хурдан орчуулж, хэвлүүлдэггүй. Өдгөө дэлхийн шилдэг бүтээл ч хэвлэгдээгүй үлдсэн нь цөөнгүй. Ингэхээр нийгэм, тэр дундаа залуу үе дэлхийгээс хоцорч байгаа хэрэг. Монгол дахь орчуулгын зарим номыг уншихад тун ойлгомжгүй байдаг.

Би 1998 онд “Зэрлэг хун” номыг англи хэлээр уншсан. Монгол хэлнээ хөрвүүлснийг нь сүүлд уншихад утга, агуулгын зөрүүтэй зүйл ажиглагдсан. Хувь хүний хөгжлийн номуудыг бүр яриад ч хэрэггүй биз” хэмээв. Харин Г.Аким гуайн орчуулга, Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал”, Б.Гэрэлийн “Дарсны орон”, “Амьдралын хүрдэнд зүтгэгсэд”, М.Батбаярын “Цусаа худалдсан тэмдэглэл”-ийг зохиолчийн хэлэх гэж буй санаа, амин сүнсийг гаргаж, сэтгэл хөдлөхүйц байдлаар орчуулсан сайн бүтээл хэмээн нэрлэлээ.

Орчуулагч хүн монгол хэлний мэдлэг сайтай, редактортай нягт харилцаатай ажиллаж байж гэмээнэ сайн бүтээл гаргах боломжтой аж. Гэтэл гадаадад хэдэн жил амьдарч, тухайн үндэстний хэл сурсан, эх хэлээ сайн мэдэхгүй хүмүүс ном чанаргүй орчуулж, орчуулагч, уншигчдын дургүйцлийг хүргэж байгаа гэхэд хилсдэхгүй.

Манай улсад орчуулгын тухайд засаж залруулбал зохих харилцаа бишгүй юм байна. Тодруулбал, мэргэжил, салбарынхны хувьд ч орчуулгын нэр томьёог нэгтгэсэн стандарт байдаггүй. Тиймээс эл төрлийн орчуулгын номууд ч утга, нэр томьёоны хувьд учир дутагдалтай хэвээр. Байгууллагууд л дотооддоо нэг хэвшил тогтоож, орчуулгадаа баримталдаг юм байна.

Монголд ном орчуулж хэвлүүлэхийн тулд зохиогчийн эрх авч, Оюуны өмчийн газарт зарим тохиолдолд бүртгүүлэн, ISBN буюу худалдааны бар код наалгаж, татвар төлөхөөс өөрөөр чанарт нь үнэлгээ өгөх арга, аргачлал одоогоор алга. Тэгэхээр уншигчид сайныг нь олж унших чадвартай болох хүртэл алдаатай хэвлэсээр байх бололтой. Алдарт зохиолч Ч.Лодойдамба “Тунгалаг Тамир” романдаа Итгэлт баянаар хэлүүлсэн “Ичмээр дамшиг” гэдэг халаглал өнөөдрийн байдлаар ном орчуулгын талбарт яг тохирохоор байна.

6 thoughts on “Орчуулагчид уншигчдаар даажигнасаар байна

  1. SS 2020-05-12 18:50 at 18:50

    Зөвхөн ном ч гэлтгүй англи хэлнээс хөрвүүлсэн киноны орчуулгууд ч үнэндээ л ичиж үхмээр шүү.

    Хариулах
  2. Нэргүй 2020-05-12 19:39 at 19:39

    Дээр нь нэмээд шүүмж гэж устжээ

    Хариулах
  3. Нэргүй 2020-05-12 20:39 at 20:39

    За үнэндээ орчуулгын номыг уншихаас дургүй хүрээд хаахаас аргагүй болдог. Би Японы үгүүллэг, туужийн орчуулын ном авч унших гэж оролдоод чадалгүй хашраад түүнээс хойш орчуулын номыг авахаа больсон шүү. Монголд орчуулга сөнөсөн. Хуучин үед Самбуугийн Бадраа гэж мундаг орчуулагч байлаа. Түүний орчуулсан номыг уншихад аятайхан.

    Хариулах
  4. Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-05-13 00:22 at 00:22

    Монгол уран зохиолын хэл найруулга гучаад оноос муудсан нь КУТВ -ынхнаас болсон хэмээн Ренчин гуай бичсэн байдаг. Одоогийн орчуулга ч бүр авах юм байхгүй. Өгүүлэл бичигч Жан Руний романыг орчуулгыг магтангуй бичсэнийг жаахан гайхлаа. Би хэвлүүлээгүй байгаа орос орчуулгыг нь интернетээс уншсан. Монгол орчуулгыг нь харах юм уу, гээд үзсэн чинь нэрийг нь буруу оруулчихсан байсан. Нэрийг нь орчуулж чадаагүй юмыг цааш нь уншаад яах юм бэ. Би уг Жан Рунь монголчууд чонон онгоцтой байсныг сүлд гэж андуурсан болов уу даа гэж бодсон чинь орсоороо зөв байсан “Волчий тотем ” гээд. Монгол хэлээрээ онго, сүлд хоёрыг ялгаж мэдэхгүй хүн уран зохиол монгол хэлээр орчуулна гэж юу байх вэ дээ.

    Хариулах
  5. Зочин 2020-05-13 07:57 at 07:57

    Хятад хэлний Болдбаатар гэж хумсаа нуусан эрлийз. Их үймүүлж байгаа.

    Хариулах
  6. 9999999 2020-05-13 08:40 at 08:40

    Дээрхи өгүүлэг их зөв зүйл хүндэж бичсэн байна ….Энэ зурагтаар гарч байгаа орчуулгын кино гэж авах юм алга даа…
    ” үхтлээ саналаа” ” үхтлээ өлслөө” ” үхтлээ айлаа” гэх мэт маш муухай орчуулсан байх юм … Энд хяналт тавьдаг газар байна уу? …МОНГОЛ ХЭЛ МААНЬ МАШ ИХ БУЗАРТАЖ БАЙНА ДАА…хариуцсан хүмүүс нь хэлж ярьж АНХААРАХ ЦАГ БОЛСОН ГЭЖ БОДОХ ЮМ ДАА…мөхөс би…

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн