Дэлхийн хамгийн шударга сонгуультай газрууд

Хараат бус судалгааны группээс 2012 оны долдугаар сараас 2015 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд дэлхийн 139 улсад явагдсан сонгуулиудад дүн шинжилгээ хийж үзжээ. Electoral Integrity Project (EIP) нэртэй энэ төсөл дээр Харвард, Сиднейн их сургуулийн шинжээчид ажилласан байна.

Тэд ажиглалтын хугацаанд болсон үндэсний парламентын болон Ерөнхийлөгчийн 180 сонгуулийг үнэлэх, шударга байдлыг нь харьцуулах гол зорилт дэвшүүлжээ. Ингээд судалгааны мэдээллийг дэлхийн 2000 гаруй шинжээч цуглуулсан байна. Ээлжит сонгууль болоод дуусмагц орон нутгийн болон гадаадын 40 мэргэжилтэн сонгуулийн чанарыг 49 параметрээр үнэлсэн аж. Ингээд сонгууль болгонд оноо өгчээ. Хамгийн дээд оноо нь 100 байхаас энэ оноонд хүрсэн улс байгаагүй гэнэ. Харин 40-өөс доош оноо авсан сонгуулийг судлаачид хүчингүйд тооцох санал гаргаж байв. Дэлхий дээр 20 гаруй улсын сонгуулийн систем нь шударга сонгуулийн рейтингт 40 онооны босгод ч хүрээгүй байна.

Сонгуулийн шударга байдлын үнэлгээнд хамгийн их оноо алдаж байсан параметр нь санхүүжилтийн ил тод бус байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөв мэдээлэл дамжуулахгүй зэрэг асуудал орж байв. Санхүүгийн шударга байдал гэсэн үзүүлэлтээр 2015 онд дэлхий дахинаа болсон сонгуулийн гуравны хоёр нь буюу 68 хувь нь унасан байна. Харин хэвлэл мэдээллийн шударга байдал үзүүлэлтээр 38 хувь нь унажээ.

Хамгийн шударга сонгууль явуулдаг улс орнуудад Дани 86 оноо, Финлянд 86 оноо, Норвеги 83 оноо, Швед 81 оноотойгоор орсон байна. Тэгвэл тавдугаар байрт дэлхийн гадилын гол нийлүүлэгч болсон Латин Америкийн бяцхан улс Коста-Рика 80 оноотойгоор орсон байна.

Тэгвэл ТОП 10-т Герман 80 оноогоор, Голланд 79 оноогоор, Швейцар 79 оноогоор, Исланд 78 оноогоор тус тус багтжээ. Швейцар, Исландын хувьд ардчилсан уламжлал эртнээс тогтсон улс орнууд юм. Сонирхолтой нь авлигын түвшнээрээ Коста-Рико шударга сонгуулиар тэргүүлсэн улс орнуудынхаа хаана ч хүрдэггүй.

Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудаас Эстон улс шударга сонгуулиар 79 оноотойгоор долдугаарт орсон. Мөн Литва 77 оноогоор 11 дүгээр байрт орсон бол Латви нь 72 оноотойгоор 24-рт жагсчээ.

Баруун Европт хамгийн шударга бус сонгууль явуулдаг нь Их Британи болж таарсан. Тус улс 65 оноотойгоор 39-рт орсон байхад Бразил 68 оноогоор 30-рт, Тунис 67 оноогоор 32-рт, Хорват 66 оноогоор 34-рт орж Британийг тэргүүлсэн байх жишээтэй.

АНУ-ын хувьд сонгуулийн шударга байдлаараа Англиас ч дор. 2012 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, 2014 оны Конгрессын сонгууль нь ардчилал хөгжсөн бүх улс дотроо хамгийн шударга бус байж таарчээ.

Тэгвэл сонгуулийн шударга бус байдлаараа дэлхийн аварга болсон улс нь Этиоп болжээ. Тус улс 22 оноогоор 139-р байрт орсон байна. Африкийн энэ улсын эрх баригч Этиопын ард түмний Хувьсгалт ардчилсан фронт 2015 оны парламентын сонгуулиар хэлмэгдүүлэлт, сүрдүүлэг, цензурыг идэвхтэй ашиглаж байгаад парламентынхаа суудлын 100 хувийг дангаараа эзэлжээ.

Эх сурвалж. scandinews.fi

Орчуулсан Э.МАРТ

One thought on “Дэлхийн хамгийн шударга сонгуультай газрууд

  1. Нэргүй 2020-05-19 15:02 at 15:02

    тэр газруудаас ажиглагчид ирж суудаг биз дээ. тэр хүмүүсийг сонгуулийн машин тоолох ажилд оролцуул. хүний дугуйлсаныг ялгаад байж чадахаар ухаантай л байж таараа.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн