Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Соёмботой уулыг ухаж байна” гэсэн мэдээлэл цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр цацагдаад цөөнгүй хонож байна. Өнөөдөр (2017.05.24) Байгаль орчин аялал жуулчлалын яам энэ талаар албан ёсны мэдэгдэл хийж Зайсан толгойн аман дахь Соёмботой уулыг ухаж барилга барьж байсныг зогсоон газар ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан гэв. Мөн ухсан газрыг өнөөдрөөс нөхөн сэргээлгэхээр болжээ.
Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нийт 41.7 мянган га талбайг хамардаг. Уулыг тойроод 2000 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага газар ашиглах эрх авсан байдаг аж. Өнгөрсөн жил “Соёмбо”-той уулын орчимд таван иргэн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийн зөвшөөрөл авсан байна.
Газар ашиглах эрх авсан “Аялж Уул’ компани уулын хормойг ухаж дөрвөн давхар зочид буудлын барилгын ажил эхлүүлхээр төлөвлөсөн байжээ. Тэгвэл интернэт сүлжээнд өнөөдөр иргэд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг БОАЖЯ-ны сайдаар ажиллаж байхдаа зарсан гэх мэдээллийг дэлгээд байна.