БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдвар хүрээгээ тэлж өнөөдөр цар тахал болоод байна.
Дэлхий даяар тархсан коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар нийтдээ дэлхийн 4 сая 178 мянга 154 өвчилж, 283 мянга 734 хүн нас барж, 1 сая 490 мянга 444 хүн эдгэжээ.
Коронавирусын халдвар зарим улсад буурах шинж ажиглагдаж, хорио цээрийн дэглэмээ сулруулж эхлээд байсан ч халдварын голомтууд шинээр илэрч эхэлсэн нь тахлын хоёр дахь давалгаа эхлэх эрсдэл өндөр хэвээр байгааг харуулж байна.
Тухайлбал Хятад улсад Ням гарагт халдварын 14 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 10 өдрийн хугацаанд анх удаа хоёр оронтой тоонд хүрсэн явдал байлаа. Тэдгээрийн 12 нь дотоодод дамжсан халдвар байсны 8 нь зүүн хойд Жилин мужид илэрсэн байна. Түүнчлэн Өмнөд Солонгост Ням гарагт 34 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд Сөүлийн шөнийн клубүүдээс гаралтай халдвар байв. Бараг сар орчмын дараа тус улсад нэг өдөрт илэрсэн халдварын тоо 30-аас дээш гарсан нь энэ юм. Мөн баруун Европын орнуудаас цар тахалтай хамгийн сайн тэмцсэн улс гэгдэж байгаа Германд сүүлийн өдрүүдэд халдварын тоо эргэж нэмэгдэх хандлагатай болжээ.
Ковид-19 вирусийн цар тахал 24 цагийн хугацаанд АНУ, ОХУ, Бразил, Энэтхэг, Их Британи зэрэг улсад эрчимтэй тархаж, дэлхий даяар 79 мянга 875 шинэ тохиолдол бүртгэгдэж, 3510 хүн нас барлаа.
М.Баяр