Н.Номтойбаярыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байгаа буй бөгөөд түүнийг шүүхээс албадан ирүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан тэрбээр өнөөдөр АТГ-ын үүдэнд нийтэд мэдээлэл хийлээ.
Иргэн Н.Номтойбаяр: “Миний бие УИХ-д бие дааж нэр дэвшихээ “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсонтой холбогдуулан АТГ, НПГ гэсэн хоёр байгууллагын хооронд дуудагдах боллоо.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан. Үүнээс өмнө би өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Төрийн ордонд мэдээлэл хийх үеэр хууль бус үйл явдал болоод байна гэдгийг би тодорхой хэлж байсан.
Тухай үед УИХ-ын бүрэн эрхээрээ түрий барьж, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон гэж бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлдээ дурдсан. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард хийсэн миний мэдээлэлтэй холбогдуулан хууль зөрчиж байна гэж прокурорт хандсан юм билээ. Хууль зөрчөөгүй, эрхээ эдэлсэн гэж үзсэн бичиг нь надад байна. Тэгэхээр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д худал мэдээлэл өгсөн, намайг гүтгэн доромжилсон. Албан тушаалынхаа давуу эрхийг ашиглаж эрүүгийн хуулийг хоёр ноцтой заалтыг зөрчсөн.
Намайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд яллагдагчаар татсан. Яллах дүгнэлттэйгээ танилц гэж хэд, хэдэн удаа залгасан ч би очиж чадахгүй гэдгээ хэлсэн.
Харин уржигдар /2020.05.06/ шүүхээс албадан ирүүлэх шийдвэр гарсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн коридорт яллах дүгнэлттэйгээ танилц гэхэд нь би татгалзсан. Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлттэйгээ танилцах байтал Чингэлтэй дүүргийн цагдаагийн коридорт танилц гэсэн. Би сайд байхдаа хууль зөрчөөгүй гэдгээ хэлсэн. АТГ, прокурор царай харж байгаа нь тодорхой байна” хэмээн тодотголоо.