Онцлох мэдээ

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг баталлаа.

Тогтоолд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий шинээр 5, өргөтгөлөөр 4, нийт 9 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.

Тодруулбал, Онон Балжирын цогцолбор газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг, Давэлийн арлын байгалийн нөөц газарт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар заажээ.

74ee6137e3f13f363a229f88078e988f_x3 Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг баталлаа

Мөн байгалийн цогцолборт газрын ангиллаар, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байдаг Хомын тал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт оршдог Гутайн даваа-Хөмүүл голын эхийг тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна.

Түүнчлэн, Баянхонгор аймгийн Галуут сумын Хан уулыг Хангайн нурууны байгалийн цогцолбор газарт, тус сумын Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах юм байна.

Үүнээс гадна Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын Хөх нуур-Бумбат орчмын газрыг, Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг өргөтгөлөөр хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close