Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ суманд төрсөн эцгийнхээ аминд халдсан гэх мэдээлэл цахим орчинд тарсантай холбоотой тухайн хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11 цагт Хөвсгөл аймгийн Рэнчинлүмбэ сумын иргэн 39 настай, эрэгтэй ор сураггүй алга боллоо гэх мэдээлэл ирсний дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулсан.
Шалгалтын явцад иргэн Н гэгч нь мөн сарын 22-ны өдөр архидан согтуурч, гэртээ агсамнаж ууган хүүтэйгээ маргаан үүсгэжээ. Үүний улмаас хүү нь эцгийнхээ амь насыг нь хохироож, хэргийг далдлах зорилгоор хохирогчийн цогцсыг нуусан хэрэг гарсныг аймгийн цагдаагийн газар шуурхай ажиллаж илрүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, архидалтын улмаас нэг хүний амь нас эрсдэж, хүү нь хэрэгтэн болсон харамсалтай хэрэг гарсан” гэлээ.