Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2020.05.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү: Олон нийтийн цахим сүлжээгээр олон мэдээлэл гарсан байна.
Өчигдөр “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн бусдад хутгалууллаа гэх мэдээлэл гарлаа. Энэ дагуу Дорноговь аймгийн цагдаагийн газарт хэргийг шалгахад иргэн А-г 1979 онд төрсөн Ж гэгч хутгалсан нь тогтоогдсон. Дорноговь аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байна.
Дараа нь, сүүлийн үед цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан асуудал гарсныг ярья.
Урсгал сөрсөн жолоочид цагдаагийн алба хаагч шаардлага тавьсны төлөө биед нь халдсан энэ асуудалд Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгээр торгуулийн арга хэмжээ авч, жолоодох эрхийг нь хассан. Харин цагдаагийн алба хаагчийн биед халдсан асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байна.
Мөн Цагдаагийн хурандаа Ч.Чинбат болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудалд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын албанаас шалгасан. Шалгалтаар цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл, хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийн биед халдсан үйлдэл тогтоогдоогүй байна. Тухайн үед байсан гэрч, дүрс бичлэгийг үндэслэн шалгахад тухайн сэтгүүлчийн ажил мэргэжилтэй холбоотой хэрэг шалгагдаж байх явцад, хэрэг шалгаж байгаа байцаагчтай уулзалгүйгээр Хэлтсийн даргын өрөөнд орж, ажил үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийг доромжилж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан байна.
Улмаар ажил үүргээ үргэлжлүүлэх хангах тухай шаардлага тавьсан. Цагдаагийн байгууллагын тухай хуулиар цагдаагийн алба хаагч нийгмийн хэв журам зөрчих, гэмт хэрэгтэй холбоотойгоор бусдад шаардлага тавих эрхтэй. Үүн дагуу шаардлага тавихад шаардлагыг үл биелүүлсэн. Хуульд заасан эрх хэмжээний хүрээнд албадлага хэрэглэж өрөөнөөсөө гаргасан. Энд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байгаагүй. Сэтгүүлчийн биед халдсан, цохисон асуудал байхгүй гэдэг нь бичлэгээр нотлогдсон байна гэлээ.